"Шүүр" ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногоос яамдаас хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлнэ
Засгийн газраас 2023 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор улс орон даяар хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд ямар ажиллагаанууд хийгдсэн, цаашид ямар ажиллагаа хийхээр төлөвлөж байгаа талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баасандорж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт, судалгааны багийн гишүүн н.Анар нар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.БААСАНДОРЖ:
-Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын даргын тушаал 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гарч, "Шүүр" ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэгт ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөлийн гишүүний төлөөлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Авлигатай тэмцэх газар гэх мэт бүрэлдэхүүн багтсан. "Шүүр" ажиллагааны хүрээнд:
-Төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад хууль бус томилгоо бий эсэх,
-Удирдах албан тушаалтан буюу томилгоо хийдэг дарга нар өөрийн хамаарал бүхий этгээдээ албан тушаалд томилсон эсэх,
-Хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэжлийн ур чадвар, шаардлага хангаж байгаа эсэх,
-Ашиг сонирхлын зөрчилтэй нь тогтоогдсон төрийн албан хаагч нар, авлига албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг албан тушаалд томилсон эсэх гэсэн 8 үндсэн бүлэг ажиллагаа хийгдсэн.
"Шүүр ажиллагааны хүрээнд, үндсэн дөрвөн мэдээллийн сувгаар иргэд, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгжүүдээс мэдээлэл авсан. Нэгд, "11-11" төвөөр дамжуулж цахимаар болон цаасаар мэдээлэл авсан. Хоёрт, shuur.gov.mn-ээр, гуравт, info.shuur.gov.mn, дөрөв дэх нь албан бичгээр болон ЗГХЭГ болон Засгийн газрын Хяналт хэрэгжилтийн газрын утсаар мэдээлэл авч ажилласан.
Өнөөдрийн байдлаар, ЗГХЭГ-ын сайдын албан бичгийн дагуу 2023 оны 595 тоот албан бичгийг Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга 3000 гаруй субъект буюу томилох эрх мэдэл бүхий даргад явуулсан. Байгууллагуудад ирсэн бичгүүдээс дүн шинжилгээ хийхэд, 6187 зөрчил Засгийн газрын харъяа 16 яам, 39 агентлаг, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд дээр илэрсэн. Эдгээр нь Төрийн албаны хуулиудыг хэрэгжүүлж байгаа дарга нараас илэрсэн зөрчил.
Албан бичиг хүргүүлсний дагуу төрийн захиргаа, төрийн үйлчилгээ дээр нийтдээ 349 албан хаагчийг удирдах албан тушаалаас чөлөөлсөн. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд дээр 76, төрийн тусгай албан тушаал дээр 9, сахилгын арга хэмжээ авсан 15, төрийн болон төрийн өмчит компаниуд дээр 12, төрийн тусгай дээр 0, төрийн захиргаа, төрийн үйлчилгээн дээр ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл хүргүүлсэн 976, төрийн болон төрийн өмчит компаниуд 150, төрийн тусгай дээр 51 албан тушаалтан дээр ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл хүргүүлсэн талаар томилох эрх бүхий албан тушаалтан буюу дарга нараас ирүүлсэн.
Нийт илэрсэн зөрчлүүдийг салбараар нь ангилбал, нутгийн өөрөө удирдах байгууллага буюу орон нутаг дээр дийлэнх олонх буюу 2900 гаруй, боловсролын байгууллага дээр 1600 орчим, санхүүгийн салбарт 779, эрчим хүч дээр 656 , уул уурхай дээр 114 гэсэн байдлаар харагдаж байна.
Салбарын удирдах албан тушаалтнууд болон дарга нар үүнтэй холбоотой зөрчил шийдвэрлэсэн байдлыг салбараар нь авч үзвэл, эрчим хүч дээр 46 албан тушаалтан, мэдэгдэл хүргүүлсэн 77, хүнс, хөдөө аж ахуйн салбар дээр 2, нийгмийн хамгааллын салбар дээр 52 албан тушаалтныг чөлөөлсөн, сахилгын арга хэмжээ авсан, мэдэгдэл хүргүүлсэн 19 байна. Энэ байдлаас дүгнэхэд, ЗГХЭГ-ын сайдын бичиг яваад, салбарын албан тушаалтнуудаас хариу тайлбар, мэдээлэл ирүүлсэн. Төрийн албаны тухай хууль 2017 онд батлагдаж, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжээд, нэг жил хүрээгүй байх хугацаанд бид ковидтой золгосон. Ковидын хууль батлагдаж, тус хуулийг 3.2-оор төрийн албанд маш олон томилгоонууд хийгдсэн.
Тэтгэвэр тогтоолгочхоод төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа эмч, багш нар ажиллаж болно. Ялангуяа урилгаар ажиллаж байгаа эмч, багш нар ажиллаж болно. Төрийн үйлчилгээний албан тушаалд 65-аас дээш насны иргэн гэрээний үндсэн дээр ажиллахыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны зөвлөмжөөр зөвшөөрсөн.
Ирсэн мэдээллийг үзэхээр эдгээр иргэдийн эрх зүйн байдлыг дордуулж, ажлаас нь чөлөөлсөн зүйл байна. Тухайлбал, эмч, багш, нар ТҮК-ийн ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн асуудал байна. Хяналт шалгалт явуулаад чөлөөлсөн байвал тухайн удирдах албан тушаалтантай нь хариуцлага тооцно. "Шүүр" ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногоос яамдаас эхэлж, хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлнэ.
"Шүүр" ажиллагааны хүрээнд шалгалт хийхэд ковидын хуулийн томилгоотой хүмүүс байсныг чөлөөлсөн. Бидэнд ийм асуудал тулгараад байгаа юм. Сум, алслагдсан бүсүүдэд төрийн албаны боловсон хүчний хомсдол сүүлийн 10 гаруй жил яригдаж байгаа асуудал. Одоо төрийн албаны шинэ хууль хэрэгжээд эхэллээ, 3-4 жил болоод үр нөлөөний үнэлгээг хийдэг. Удирдах албан тушаалтнууд Төрийн албаны тухай хуулийг хэр хэрэгжүүлж байна вэ гэдэг дүр зураг ажиглагдаж байга аюм. Хэрэглээ талаас нь харахаар, хуулийг санаатай, санамсаргүй байдлаар зөв, буруу хэрэглэж байна. Санаатай санамсаргүй, авлига, ашиг сонирхлын хэргээр ял авсан хүнийг төрийн албанд томилсон байдал өөрсдийнх нь ирүүлсэн мэдээллээс харагдаж байна. Зарим нь чөлөөлөөгүй, нуун дарагдуулсан зүйл байна. Жишээ нь, гаалийн байгууллага дээр авлига, албан тушаалын зөрчилд холбогдсон 19 хүн томилогдоод ажиллаж байсан. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэн ч бай Төрийн албаны тухай хуулиар төрд ажиллахыг хориглодог. Тиймээс бүгд чөлөөлөгдсөн.
Sanuulga.mn