Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Гаалийн ажилтны гэрээс есөн кг алт, 10 тэрбум төгрөг хураан авчээ

Гаалийн ажилтны гэрээс есөн кг алт, 10 тэрбум төгрөг хураан авчээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын нэгэн албан тушаалтны гэрт хууль сахиулах байгууллагынхан нэгжлэг хийгээд есөн кг алт, 10 тэрбум төгрөг хураасан гэх мэдээлэл сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгслээр түгэх болсон. Хууль хяналтын байгууллагынхан энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж буй юм.

Бидэнд олдсон мэдээллээр "ийм их хэмжээний мөнгө, алт хураасан нь үнэн бөгөөд тухайн албан тушаалтан нь өдгөө ажлаа хийхгүй байгаа нэгэн гэнэ. Уг асуудал нь гаалийн байцаагч гэх ажил, албан тушаалтай нь холбоогүй, харин хувийн бизнестэй нь холбоотой бололтой" хэмээн хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.

Үүнээс өмнө Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын даргаар ажиллаж байсан Б.Мягмар Монгол, АНУ-ын хооронд тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалаас найз У.Энхболдынхоо дансаар дамжуулан удаа дараа хахууль авсан хэрэгт холбогдож байсан юм. Б.Мягмар дээрх газрын даргаар ажиллаж байхдаа гаалийн байцаагч нартаа “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн ачааг хурдан шалгаад саадгүй нэвтрүүл” гэсэн үүрэг чиглэл өгч үүнийхээ “шагнал”-д 18 сая гаруй төгрөгийн хахууль авсан үйлдэлдээ 30 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлж, нийтийн албанд таван жил ажиллах эрхгүй болсон юм. Харин түүнд хахууль өгсөн “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбал, дансаа ашиглуулж, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон У.Энхболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасан, 10 сая төгрөгөөр торгосон юм.

Эх сурвалж: Isee.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)