АН-ын дотоод асуудал жигдэрсэн учраас орон даяар "Нээлттэй микрофон" ажиллуулна
Ардчилсан залуучуудын холбооноос "нээлттэй микрофон" болон БГД-ийн ИТХ-ын нөхөн сонгуулийн асуудлаар мэдээлэл өглөө. АЗХ-ны тэргүүн Н.Болдбаатар "Нээлттэй микрофоныг нэг сарын хугацаанд ажиллууллаа. Энэ үеэр 324 иргэн үзэл бодлоо илэрхийлсэн.
Шүүхийн тогтолцоо, авлигын гэмт хэрэг, нийгмийн тэгш бус зэрэг олон асуудлыг ярилцсан. Нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх алхам байх ёстой. Үүнийг залуучууд түүчээлэх нь зөв гэдгийг хэлсэн. Нээлттэй микрофон арга хэмжээний үр дүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ил захидал илгээж, Ерөнхий сайд, УИХ дахь АН-ын бүлэгт хүний эрх, эрх чөлөөний тухай дуугарах шаардлагыг тавилаа.
Нээлттэй микрофон ажиллуулах үеэр цагдаагийн байгууллагаас олон удаа дуудаж, айлган сүрдүүлэх, торгох мэтээр дарамт байсан.
АН-ын дотоод асуудал жигдэрсэн болохоор 21 аймаг, 9 дүүрэгт нээлттэй микрофон ажиллуулна. Өнөөдөр Баянгол дүүрэгт эхлүүлнэ" гэв.
Нөхөн сонгуулийн тухайд "Сонгуулийг зохион байгуулахдаа хуулийн хүрээнд сайн нягтлахгүй бол Баянгол дүүргийн нөхөн сонгуульд хууль бус сонгуулийн хороо буюу 2020 оны наймдугаар сард байгуулагдсан сонгуулийн хорооны үйл ажиллагаа эхлэх гэж байна.
Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд ИТХ-ын нөхөн сонгууль зарлагдсан. Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нас барсан тул нөхөн сонгууль болно.
Нийслэлд Баянгол, Сүхбаатар дүүрэгт зургадугаар сарын 18-нд нөхөн сонгууль явагдах юм" гэлээ.
Sanuulga.mn