"УИХ-ын гишүүдийн ирц, хуулийн төсөлд өгсөн саналын мэдээллийг ил болгоно"
Хууль эцэслэн батлахад өгсөн саналыг УИХ-ын Тамгын газар хууль зөрчин, нууцалж буй талаар, уг мэдээллийг нээлттэй болгохыг УИХ-ын Тамгын газраас шаардаж, "Мэдэх эрхтэй" аян өрнүүлж “Цогц” хөгжлийн Үндэсний төвөөс мэдээлэл хийлээ.
"Цогц хөгжлийн үндэсний төв" ТББ-ын гүйцэтгэх захирал М.Энхболд:
-Манай байгууллага УИХ-ын гишүүдийн чуулганы ирцийн мэдээлэл, аливаа хуулийг дэмжсэн үү, татгалзсан үү зэрэг мэдээллийг цахимд нэгтгэж ажиллаж байна. Эдгээр мэдээллийг ил тод болгооч гэдэг хүсэлтийг хоёр жилийн хугацаанд дөрвөн удаа өгсөн.
Гэтэл гишүүн тус бүрээр гаргадаггүй учраас энэ мэдээллийг өгөх боломжгүй, УИХ-ын архиваас энэ мэдээллийг авч болно зэрэг хариуг өгч байсан. Ингээд УИХ-ын Тамгын газар энэ мэдээллийг гаргаж өгөхгүй байсан тул Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахад хүлээж аваагүй. Давж заалдах шатны шүүхэд хандахад ч мөн хүлээж аваагүй.
Тиймээс бид энэ мэдээллийг олон нийтийн дэмжлэгтэйгээр олж авахаар иргэдийн хамтаар нөлөөллийн ажлыг эхлүүлсэн. Улмаар УИХ-ын Тамгын газарт 100 гаруй өргөдөл хүргүүлсэн. Үр дүнд нь өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Г.Занданшатар дарга "Энэ мэдээллийг ил болгох хэрэгтэй" гэдэг байр суурийг илэрхийллээ.
Иргэд нэгдэж чадвал үр дүнд хүрч чаддаг гэдгийг харж болж байна. Иргэн өөрийг нь төлөөлөх гишүүн УИХ-д ямар санал өгч байгааг мэдэх эрхтэй.
Sanuulga.mn