Жунайтан, Батдөл тэргүүтнээ “журамлаж” дөнгөх нь үү, та минь ээ...
Цагтаа албан тушаалаараа дулдуйдан авлига гээчийг жинхэнэ “цэцэглүүлж” асан гэгддэг Т.Бадамжунайг эх оронд нь албадан авч ирснээс хойш даруй 20 хоног өнгөрлөө. Бөөн сүр болсон. Дуулиантайхан үйл явдал өрнөсөн. “Жунайтан морилсон нь” гэдэг бяцхан драма ч бараг өрнөөтөхсөн.
За тэр нь ч дүүрч. Хамгийн чухал нь ард түмэн хууль, хяналтын байгууллагынханд ихээхэн итгэл талбиж байв. Жу ноёныг жигтэйхэн журамлаж, хамаг но-г нь илрүүлж, хамсаатан холбоотон цөмөөрөнтэй нь хамт дөтийнх нь замаар оруулах байх л гэж найдав. Гэвч өнөөг хүртэл дорвитой үр дүн гарсангүй. Бадамжунайтай холбоотой хэргийн үйл явц таг, Нууц. Бүрхэг. Холбогдох байгууллагынхнаас дорвитой тайлан, тайлбар мэдээлэл ч хийсэнгүй.
Иргэд одоо хардаж эхэлж байна. Энэ бүхэн зүгээр л эрх баригчдын нэг том жүжиг байв уу хэмээж. Үгүйсгэмгүй.
Долоон тэрбумыг гэртээ нуусан өнөөх С.Батдөл гээчийн хэрэг ч одоог хүртэл шийдэгдээгүй л байгаа. Батдөлөө “базаж” дөнгөхгүй байгаа хүмүүс Жунайтанг “нугалах” нь ч өдий л юм шиг нийтэд ойлгогдох.
Одоо манай хууль хяналтын байгууллагынхан олигтойхон ажиллах хэрэгтэй ээ. Шуургалах ёстой. Батдөл, Бадамжунай тэргүүтнүүдийн балгийг шалавхан тодруулаад, нотлоод байх байх байранд нь аваачвал зохилтой. Бурууг үлгэрлэсэн хүн зохих хариуцлагаа хүлээдгийн жишээг нийгэмд харуулах ёстой. Тэгэхгүй л бол арай л дүйнгэ байна. Хөлдүү байна.
Шүүх, прокурор дээр л хамаг хэрэг гацаад “шүүрдсэн хогнуудыг” тосгуурдалгүй буцаагаад байж болохгүй. Тэр л жинхэнэ завхрал болно. Шударгыг үгүйсгэсэн үйл болно...
Д.Сүрэн
Sanuulga.mn