Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Хэмнэвэл хэмнэсэн шиг хэмнэе. Эс бөгөөс гишүүн бүр нь тусдаа гантиг хэрэмд тухалъя

Хэмнэвэл хэмнэсэн шиг хэмнэе. Эс бөгөөс гишүүн бүр нь тусдаа гантиг хэрэмд тухалъя

Төрийн хэмнэлт гээд л манай “томчууд” баахан попорч байгаа. Хэмнэнэ, гамнана, үргүй зардлуудаа багасгана, танана л гэх. Үндсэндээ бидэн шигээ эгэл, борог л байцгаана гэцгээх. Төр нь, төрийнхөн нь бага эдэлж, бага ямбархаж, ард түмэндээ илүү боломж олгох юм байх.

Гэвч бодит байдал дээр өөр байна аа. Эсрэгээрээ. “Аваргууд” өнгөн төдийд биднээ мунхруулчихаад гүндээ бол тамтаггүйхэн л “гүзээлж” байх шиг. Тийн анзаарагдаж байна. Мэдрэгдэж байна.

Төрийн ордны хашаатай холбоотой дуулиан сүүлийн өдрүүдэд газар авч байгаа. Өвлийн жагсаалын үеэр нэг тал нь өчүүхэн хэмхэрсний төлөө нийтээр нь сольж байгаа юм. Хоржоонтой. Гэмтсэн хэсгийг нь л засчихаж болно оо доо. Гэтэл тэгсэнгүй. Балаг тарьсан баахан ажил болж болж, “бантан хутгаатах” шиг л болов.

Зургийн тодорхойлолт алга байна.

Ард түмэн төрийн ордны шинэ хашааг элэглэж байна. Элдэвлэж байна. Хашаа бус хэрэм биш үү гээд бухимдаж ч байна. Тэгэхээс ч аргагүй юм. Таашаалд нийцэмгүй нь ч ортой чухам. Үзвээс л мэдэгдэнэ. Өнгө, загвараасаа авахуулаад л үнэхээрийн болхи шийдэлтэй нь илт. Төв талбай төрийн ордонтойгоо авцалдаагүй. Хэрэм лугаа. Хэн нэгний дайралтыг няцаах зорилготой бэхлэлт мэт л. Хэнээс ийн жийрхээд байгаа хэрэг вэ энэ чинь. Ард түмнээсээ юу? Даапаантай.

Зургийн тодорхойлолт алга байна.

Тус ажлыг удирдан хийлгэсэн учир мэдэгч нь өнөөдөр мэдээлэл хийж байна билээ. Уг хашааг гантиг чулуугаар барьж байгаа. Дуусах болоогүй. Тиймээс урьдчилан дүгнэх хэрэггүй. Польшийн ерөнхийлөгч айлчилж байгаа болохоор л түр хугацаанд ийн “гоёсон” юм хэмээв. Хөгжөөнтэй.

За тэр нь ч дүүрч. Хүлцье. Хамгийн чухал нь манай улстөрчид хэмнэлт хэмнэлт гэж баахан “сийгчихээд” хачир дээрээ ийн “шогтмооргүй” л байгаа юм. Гантиг чулуун хэрмээр ордноо хуяглахынхаа оронд ганц хоёр ч болтугай нийтийн бие засах газар байгуулчихвал хэрэгтэй дээ. Ордноос хэдхэн метрийн цаана байгаа гэр хорооллоо ч цэгцэлвэл тустай. Гэтэл манай дээдчүүл арай л ондоог сэтгэх юм. Өчүүхэн. Доромж.

Тиймээс хэмнэвэл хэмнэсэн шиг хэмнэе. Эс бөгөөс гишүүн бүр нь тусдаа гантиг хэрэмд тухалъя..

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)