“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт “шүүр” ажиллагааг “гууль” болгов уу?
Улс орны хэмжээнд авлига албан тушаалын хэрэг нүүрлэж, тамга барьсан эрх мэдэлтэй цагаан захтнууд дураараа дургиж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулах явдал ар араасаа гарах болсон.
Үүнийг таслан зогсоох зорилгоор Засгийн газраас “Шүүр” ажиллагаа зарлан, энэ хүрээнд төрийн албаны хууль бус томилгоо, ашиг сонирхлын зөрчилтэй албан хаагч, ургийн томилгоо, ял шийтгэлтэй хэрнээ төрд шургалсан томилгоо зэргийг төр өөрөө шүүрдэж цэвэрлэх зорилготой.
Шүүр ажиллагаа хэрэгжиж, 4 сарын 10-ны дотор хууль бус томилгоотой албан хаагчид чөлөөлөгдөх ёстой ч зарим газар “нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгчийн үлгэрээр шүүр ажиллагааны хүрээнд албан тушаалаас нь чөлөөлсөн болж харагдуулаад, дараа эргүүлэн томилох байдал ажиглагджээ.
Зүй нь бол тухайн чөлөөлөгдсөн албан тушаалтны ажлын байранд мерит зарчмын дагуу болзол шалгуурыг нь хангасан албан тушаалтныг томилох, сул орон тоонд нь сонгон шалгаруулалт явуулж шаардлага шалгуур хангасан хүмүүсийг томилох ёстой.
Гэтэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт Засгийн газрыг шийдвэрийг хэрэгжүүлсэн нэрээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн Гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн атлаа тэр даруй мөнөөх ТУЗ-ын хурлаараа Г.Дугаржавыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон байна.
Ингэж Засгийн газрыг хуурч, шүүр ажиллагааг хэрэгжүүлсэн мэт "харагдуулж" Г.Дүгэржав гэх албан тушаалын шаардлага хангаагүй хүнийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт хамгаалах нь хэнээс авсан үүрэг даалгавар вэ?
Зүй нь бол “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮК-ий Гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг шүүр ажиллагааны хүрээнд чөлөөлсөн бол түүний оронд төрийн албаны болзол шаардлагыг хангасан хүнийг үйлдвэрээс нь шат ахиулан мэрит зарчмаар томилох ёстой.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шүүр ажиллагааг газар дээр нь “гууль болгож” байгаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтын дээрх “будлиантай” шийдвэрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар анхаарлаа хандуулна биз ээ.
Эх сурвалж: News.mn