Н.Учрал: Нийт 1745 компани, төрийн өмчийн 314 байрын талбайн түрээсийн мэдээллийг Shilen.gov.mn сайтад байршууллаа
“Шилэн” ажиллагааны хүрээнд өнөөдөр Shilen.gov.mn сайтад нэмэгдсэн мэдээллийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Төрийн өмчийн байрын түрээсийн, төрийн өмчит компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн мэдээллийг нэмэгдүүллээ. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг шилэн болгож байна. Мөн шинээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн одоогоор ил болж байгаа нийт төлбөрийн үлдэгдэл буюу өр төлбөрийгн хэмжээг нэмэгдүүлсэн. Нийт 1745 компани, хуулийн этгээдийн төрийн өмчийн 314 байр, обьектын 148699 метр кв талбайн түрээсийн мэдээллийг өнөөдөр Shilen.gov.mn сайтад байршууллаа. Төрийн өмчийн байр талбайн түрээсийн нийт орлого 2022 онд 21.9 тэрбум төгрөг болсон. Түрээсийн орлого улсын төсөвт 2022 он гэхэд 7.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн гэх мэдээлэл байна. Хавдар судлалын үндэсний төв, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, Засгийн газрын автобааз, “Чингис хаан” ОУНБ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг түрээсээс хамгийн их орлого олдог таван байгууллага юм. Хувийн хэвшлээс “Мед портал”, Голомт банк, “Монгол Хьюандай автомотив” компани төрд хамгийн их түрээс төлдөг байна. ХСҮТ зөвхөн талбай түрээслэх бус орлого хуваах гэрээ байгуулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар өөрсдөө эрсдэл үүрэхгүй, урсгал зардал гаргахгүйгээр эрүүл мэндийн даатгалаар нь иргэдэд үйлчилж байна. Иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн, хэнд, хаана, хэдээр, хэр хэмжээтэй талбайг ямар хугацаанд түрээслүүлж буйг мэдэхийг хүсвэл shilen.gov.mn-ээс харж хянах боломжтой. ТӨБЗГ төрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний загвар, төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2020 оны хоёрдугаар сарын 18-ны 49 дүгээр тогтоолоор баталсан. Түрээсийн орлогоос 40 хувийг нь улсын төсөвт төвлөрүүлэхээр тогтоожээ" гэв.
Sanuulga.mn