“Хүүхдийн хөгжил, төлөвшил-2023” үндэсний хэмжээний ЭШХ зохион байгуулагдаж байна
“Хүүхдийн хөгжил, төлөвшил-2023” үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2023.04.21/ "Улаанбаатар" зочид буудалд болж байна. Тус эрдэм шинжилгээний хурлыг Отгонтэнгэр их сургууль үндэсний болон олон улсын хэмжээнд 11 дэх жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын онцлог нь Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2022-2023 оны хичээлийн жилийн зорилгод дэвшүүлсэн:
-Хүүхдийн нийгэм сэтгэл зүй, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, эрүүл аюулгүй орчинд амар тайван суралцах зорилгын хүрээнд ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АСУУДАЛ
-Боловсрол эзэмшихэд тулгарч байгаа бэрхшээлийг арилгах, сурах тэгш боломж бүрдүүлэх зорилгын хүрээнд ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛ
-Цэцэрлэг, сургуульд суурилсан менежментийг сайжруулах зорилгын хүрээнд ЕБС, СӨБ-ЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТ гэсэн гурван салбар хуралдаанаар зохион байгуулж байна.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлэгч агентлагууд болох “Боловсролын ерөнхий газар”, “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”, “JICA олон улсын байгууллага”, Монголын хүний нөөцийн ассоциаци” зэрэг төр, төрийн бус байгууллагатай хамтран салбарын эрдэмтэн, судлаачдын судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцэж нийгэм, боловсролын салбарынханд таниулах, туршлага солилцох, судалгааны үр дүнг эргэлтэд оруулж, хэрэглээнд нэвтрүүлэх, туршлага хуваалцах зорилготой юм.
Хуралд Улаанбаатар хотоос гадна Дархан-Уул аймаг, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд аймгийн ЕБС, СӨБ болон Их дээд сургуулийн нийт 126 эрдэмтэн багш, судлаачдын 70 илтгэл ирүүлснээс 57 илтгэл нь “Хүүхдийн хөгжил төлөвшил-2023” эмхэтгэлд хэвлэгдэж, 37 илтгэлийг өнөөдрийн салбар хуралдаанаар сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Sanuulga.mn