Н.Бямбадорж: Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг зургадугаар сарын 1-ний дотор хийж, дуусгана
Автотээврийн шинэчилсэн бүртгэл явагдахтай холбогдуулан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж хэвлэлд ярилцлага өгчээ.
Тэрбээр “Зам тээврийн хөгжлийн болон Сангийн сайдын 2023 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн хамтарсан тушаалаар Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн үзлэг тооллогыг зохион байгуулахаар Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон.
Үүний дагуу 20 нь захирамжаа гаргаж ажлын хэсгээ томилсон бол бусад нь захирамж гаргах шатандаа байна. Тээврийн хэрэгслийн бүртгэл цахимжсан учраас манайх сүүлийн арван жилд тээврийн хэрэгслийн бүртгэл тооллого хийгээгүй. Өөрөөр хэлбэл, цахимжсан учраас тэр бүр тооллого хийх шаардлага үүсээгүй.
Нийт тээврийн хэрэгслийн 70 орчим хувь нь үзлэгт хамрагддаг бол 30 хувь нь хамрагдахгүй явсаар ирсэн. Тиймээс хяналтын үзлэгт хамрагдахгүй байгаа тээврийн хэрэгслийг газар дээр нь хянаж яагаад үзлэгт хамрагдахгүй байгааг тодруулах зорилготой. Хэрэв уг тээврийн хэрэгсэл тухайн эзэнд байхгүй бол хасалт хийх зэргээр бүртгэлийг шинэчлэх юм.
Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл ирэх зургадугаар сарын 1 гэхэд дуусна” гэжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин