Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургана
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газартай хамтран “Нийслэлийн боловсролын байгууллагын салбар хоорондын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн үйл ажиллагаа”-ны талаар санал солилцжээ.
Уулзалтаар боловсролын салбарт олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулсан юм. Боловсролын салбарт 60 гаруй төсөл хэрэгжиж байгаагаас уулзалтад Дэлхийн зөн олон улсын байгууллага, Японы Хүүхдийг Ивээх сан, Жайка, Койка олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төслүүд, ЕБС-ийн сурагчдын нөхөн үржихүй, сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх “Оюу Толгой” ХХК-ийн “Гэрэл” төслийг танилцууллаа.
“Гэрэл” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх 26 танхим байгуулжээ. Японы Хүүхдийг Ивээх сангаас “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг энэ оноос хэрэгжүүлж байна.
2025 оныг дуустал хэрэгжих уг төсөл нийслэлийн таван дүүрэг, Ховд Говь-Алтай аймагт хэрэгжинэ. Жайка олон улсын байгууллагын хувьд “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Уг төслийн II шатанд ердийн цэцэрлэг, сургуульд тэгш хамран сургах боловсролыг хөгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдийн хамт цэцэрлэгт суралцах загвар боловсруулан, нийт цэцэрлэгт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
ЕБС-ийн 312 багш, сурган хүмүүжүүлэгч, 2500 гаруй эцэг эх, асран хамгаалагчдыг хамруулсан “Хүмүүжлийн эерэг арга” сургалтыг “Дэлхийн зөн”-гийн төслөөр олгож байна. Энэ төслийн хүрээнд Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий өрөөг тохижуулжээ.
Харин төлөөлөгч Л.Ариунтуяа “Нийслэл хотын хэмжээнд сургалтын чанар, сурагчийн хөгжил, хамгааллыг сайжруулах, багшийн боловсролд анхаарах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Уулзалтаар мөн ЕБС-ийн багш нарын ур чадвар, заах арга зүйг сайжруулах “Pearson” англи хэлний хөтөлбөр, Олон улсын “STEMWerkz” байгалийн ухааны цахим хөтөлбөрийг турших төсөл зэрэг бусад хөтөлбөрийн талаар танилцуулж, хэлэлцлээ.