Дөмөгхөн ажиллаач “гялаан автортай Пялаан” сайдаа...
Ойрын өдрүүдэд орон нутгуудаар ойгүй хүчтэй түйрэн дэгдэж, улс амьтныг үймүүлээд байгааг бид бишгүй л харлаа. Үзлээ. Шогширлоо. Өмнө нь гагц говийн аймгийнхныг л сандраадаг байсан эл үзэгдэл өдгөө хангайнханд ч халгаатай болж. Анхаарам. Анзаарам. Ийн нөхцөлийг бүрдүүлсэн бодит шалтгааныг ч ухаж, ухаарам.
Өнгөрсөн онд манай улсад 70 гаруй сая мал тоологджээ. Маш их тоо. Энэ олон малыг энх тунх байлгахуйн гол үндэс нь мэдээж газар, бэлчээр. Гарцаагүй. 70 сая мал эх нутагт минь дураараа идээшлэн бэлчиж байгаа. Нэгэн бодлын сайн зүйл мэт боловч нөгөөтээгүүр халаглам. Халагласны учир гэвээс уг далан саяын хөлөөр даамай их газар сүйдэж байгаа. Бэлчээр талхлагдаж байгаа. Үржил шимт хөрс бага багаар үгүйрч, үнсэн шороонд хөлбөрч байгаа. Тэгээд л өдгөө говь, хангайн ялгаагүй шороон түйрэнд дарлуулж, түмэн олон мэгдэж байна. Яалтай. Уул уурхайгаас л болж байгаа хэрэг гэж дийлэнх нь мэтгэх. Үгүй. Угтаа ХАА-н салбар л энд хамгийн том гэмтэй. Үгүйсгэшгүй.
Манай улс социализмын үеэс л чанарт бус тоонд анхаарч ирсэн. Өдгөө ч тэр сэтгэхүйгээсээ салаагүй, ангижраагүй. Дээд, доодгүй ижил. Илт.
Төрөөс малын тоог л сая саяар нь өсгөж, мянгат, аймгийн аварга, улсын аварга малчдыг олноор төрүүлэхээ л чухалчилж байх шиг. Чухалчилсаар ч ирсэн. Уг нь бол эх нутагтаа цөөн тооны чанартай үүлдрийн малыг үржүүлэн өсгөхөд анхаарч, үр шимээр нь малчдаа, эдийн засгаа дэмнэх оновчтой бодлогыг тодорхойлох нь л чухал бодогдох. Гэвч тиймгүй. Урагшгүй.
ХАА-н салбарт хүчтэй бодлого хэрэгтэй. Өөрчлөлт хэрэгтэй. Ажлаа мэддэг хүчирхэг сайд хэрэгтэй. Үхэр ээмэгжүүлнэ гэж чичирч байгаа “үхэр толгойт” нь лав санаачилж түвдэхгүй нь. Харамсалтай. Эл салбарт асуудлууд дүүрэн байгаа. Анзаарвал анзаарах даа. Ажилгүй нь л тэр мэт.
Саяхан даа. Малдаа тэжээл зэхэх гээд хөдөөгөөс хот руу орж ирсэн малчин залуус хэлж байна билээ. Хивэг тэжээлийн үнэ тэнгэрт хаджээ. Өнгөрсөн жилийн хөгцтэй, өнжмөл өвс л гэхэд гучин мянган төгрөгөөс буухгүй үнэтэй байна. Ногоон өвс бол бүр олдохгүй. Дээдчүүл өвс тэжээлээ урагш нь экспортлохоор нөөцлөөд хэдэн муу малчдаа хөсөр хаяж байна даа гээд учирлах. Арай л дэндэм.
Өдгөө орон нутгуудад урь орох яагаа ч үгүй байгаа. Цас ч бүрэн ханзраагүй. Яргуй цухуйгаагүй. Архангайд л гэхэд малчдын нөхцөл байдал маш хүнд байгааг хэвлэлүүд онцлоод л байсан. Тиймээс санаа амар суух үе яавч ирээгүй нь тодорхой.
Гэтэл малчид маань өвс тэжээлийн гачигдалд орж байх шиг. Үнэлээд авъя гэвч үнэ нь дийлдэмгүй. Дийлээд авъя гэвч олдоц нь ховор. Ийм асуудал байсаар байхад салбарын сайд нь анхаарал хандуулахгүй. Тамтаггүй үнээр үхэр ээмэгжүүлж, тонн тонноор нь өвс тэжээлээ гадагш нь гаргана гээд л муйхарлах. Хөөрхөн мөнгө пялах гээд л улайрах шиг. Аргацаагүй.
Салбарын сайдтан одоо нэгийг бодож нэлээдийг тунгаах хэрэгтэй. Хувь, хувьсгалын алиныг башийлгах гээд байгаа нь мэдэгдэхгүй шальдар булдар санаа, шийдвэрүүдээ эргэн харвал зохилтой. Малчдаа үнэмлэхүй дэмжих хэрэгтэй. Мал аж ахуйн салбараа ч өөд нь татаж, өөрчилбөл зохилтой. Ард түмэн таныг харж байна. Элэглэж байна.
Төрийн ажил өөрөөр явдаг юм. Төрийн сайд ч өөр ажилладаг юм. Дөмөгхөн байгаач “Гялаан автортай Пялаан” сайдаа...
Д.Сүрэн
Sanuulga.mn