"Хамтдаа Халхгол" аянд 21 сая төгрөг цугларчээ
Халхголын хээрийн түймэрт өртсөн Ташгай багийн айлуудад туслах "Хамтдаа Халхгол" тусламжийн аяныг "Хит" хөгжмийн нэвтрүүлгийн санаачлагч Д.Давааням агсны хүү Д.Даваадорж эхлүүлсэн.
Тус аяны хүрээнд 21 сая төгрөг цугласан бөгөөд Д.Даваадорж өнөөдөр нөхдийн хамт Халхгол сумыг зорих юм байна.
Ингэхдээ 10,5 сая төгрөгийг гурван гэр, суудлын машин, өвөлжөө, 300 бог малаа түймэрт алдсан Х.Цогтсүмбэрийнд өгөх бол, үлдсэн мөнгийг хохирсон бусад айлуудад хүртээмжтэй байдлаар хувааж өгөх гэнэ.
Малчин Х.Цогтсүмбэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун сайдтай уулзах үеэрээ түймэрт хэрхэн хохирсон хайртай морь нь уян дээрээ шатсан тухай нулимс дуслуулан ярьсан. Энэ мэдээллийг авсан нэгэн иргэн Х.Цогтсүмбэрийнд уях уралдах сайн адуу өгье хэмээн мэдэгдсэн.
Ташгай багийн айлууд маш хүнд нөхцөлд орсон. Зарим айлын хүмүүс худаг дотор орж түймрээс өөрсдийгөө хамгаалж үлдсэн, тэдэнд холбоо барих утас хэрэглэл ч үлдээгүй шатсан. Мөн үхэр нь сууриараа шатсан, нөхөр нь алдсан малаа хайж, эхнэр нь нялх хүүхэдтэйгээ машиндаа толгой хоргодож буй тохиолдлууд ч байна.
Sanuulga.mn