Хулгайчдыг, хумслагчдыг, “хөгшин бурхинуудыг” бултаар нь ШҮҮРДЬЕ...
Засгийн газар энэ онд авлигатай хатуу тэмцэхээ зарласан. Ард түмэндээ тунхагласан. Ам өгсөн. Авлигын асуудалд орооцолдсон эрт эдүүгээн хэнбугайг ч өршөөхгүй “намнахаа” мэдэгдсэн. Улмаар 5Ш гэх ажиллагааг өрнүүлж, “тамтаггүй шуналтнуудтай” тэмцэж байх шиг. Урагштай л харагдах. Урамтай. Сайшаалтай.
Саяхан л гэхэд 5Ш-ийн нэг Шувуу ажиллагааны хүрээнд “бурангуй ертөнцийн бурхан будда” гэгддэг Т.Бадамжунайг хаа холын Филиппин улсаас “олзлон” авчирлаа. Авлигыг жинхэнэ “цэцэглүүлж” асан хэмээгддэг түүнд зохих хариуцлагыг нь хүлээлгэх гэнэ. Одоогоор хяналт шалгалтын ажлууд үргэлжилж байна.
Мөнхүү бас Шүүр ажиллагааны хүрээнд өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн ТУЗ-өөс Н.Багабандийг, Эрдэнэс Монгол ХХК-ийн Зэс металын группийн захирлаас Х.Бадамсүрэнг тус тус чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Тун зөв.
Олон жил л бид энэ мэт хүмүүсийг давраалаа. Улс орноороо тэдэнд өртэй юм шиг хандаж, өөд нь татсаар л өнөөтэй золголоо. Гэвч гавъяа харагдсангүй. Ололт мэдрэгдсэнгүй. Буурал буурал сорон суусан ч буцахаа мэдэхгүй л суудалд тэмүүлцгээх. “Бандах” цаг нь болчихоод байсан. Оносон.
Одоо үүнээсээ улбаалаад Ерөнхий сайд ерөөсөө л нэг том их цэвэрлэгээ хийчих хэрэгтэй. Нам дотроо, намаасаа гадна ч. МАН ”хулгайчдаар” дүүрснийг нийгэм даяараа харсан. Нүүрсний хэрэг нотлоод өгсөн. Т.Аюурсайханаас авахуулаад аюулын олон нэрс бий. Тиймээс тэдгээр “овгоруудаа” эхлээд намаасаа “зайлуулах” хэрэгтэй. “Шүүрдэх” ёстой. Холбоо сүлбээтэй нь хамт. Хоороор нь...
Түүний дараагаар амар жимэр суух насандаа эртээ очсон ч танилын хүрээ, намын хишгээр давуу эрх эдэлж, төрөөс шимэгчлэгч “хуучин бурхинуудыг” ч чөлөөлбөл зохино. Эдгээр хүмүүс элдэв яам, агентлагийн дарга, Элчин сайдын алба хашаад л “оодорч” харагдана. Анхаарууштай.
Нэмээд онцлоход УИХ-д гураваас дээш удаа сонгогдсон “үйлсгүй албатуудыг” ч “үгүйрүүлэхэд” гэмгүй. 12 жилээс дээш парламентад суучихаад хийж, гийгүүлсэн юмгүй нөхөд ордноор л дүүрэн. Улс төрийн туршлага ярьж “ханхалздаг”. Уулаасаа түүнээс өөрөөр биесээ товойлгох шалтаг, шалтгаан тэдэнд үгүй ээ.
Ингээд харахаар Оюук сайдын өмнө овоохон их ажил овоолоосой байна даа. Том даваа, том хариуцлага, том үүрэг түүнд бий. Шүгэлдээд, шүүрээд, шүүрдээд л байхаас өөр замгүй. Гарцгүй.
Д.Сүрэн
Sanuulga.mn
Өөрсдийгөө бурхан гээд бодчихсон хувалзнууд.
Зөвшд гийгүүлсэн юмгүй архаг хулгайчуудаа үр үндэстэй нь зайлуул.