Ж.Сүхбаатар: Явган болон дугуйн зам барих бүтээн байгуулалтын ажлыг долоодугаар сараас эхэлнэ
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй зарим ажлаа танилцуулжээ.
Тэрбээр, Засгийн газрын хуралдаанаар хоёр асуудлыг голлон ярилцсан. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын авто зам болон замын байгууламжийг барьж байгуулахад шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх. Өнгөрсөн жил 420 тэрбум төгрөгийн төсвөөр хотын нэн яаралтай барих замын байгууламж, холбоос замын ажлуудыг эхлүүлсэн. Заримыг шинээр эхлүүлэх шаардлагатай ч энэ оны төсөвт суулгаж чадаагүй. Шаардлагатай 187 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэр боломжийг судалж танилцуулах үүргийг Сангийн сайдад өгсөн.
Энэ эх үүсвэрийг шийдсэнээр шинээр зам барихаас илүү ачааллыг хуваалцаж, түгжрэлийг бууруулах боломжтой хэсгүүдэд холбоос замууд барих юм.
Хоёрдугаарт, БХБ-ын сайд Ц.Даваасүрэнтэй хамтарч хэрэгжүүлэх үүрэг өгсөн “Улаанбаатар хотын тээврийн эрэлтэд нийцсэн автозамын сүлжээг бий болгож түгжрэлийг бууруулах, явган хүний болон унадаг дугуйн замыг барьж байгуулах” төсөл юм.
Шинэ зам барихаас илүү түгжрэлийг бууруулах замын холбоосуудыг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд “Сэлбэ сэргэлт” гэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Улаанбаатар хотыг гол гол замуудын хөдөлгөөнийг сайжруулна. Дамбадаржаагаар ТЭЦ-4 хүртэл Сэлбэ, голын хоёр эргийн дагуу 24 км зам, 13 том гүүр, 25 холбоос гүүр хийнэ.
Мөн явган болон дугуйн зам барина. Зураг төслийг зургаадугаар сард, бүтээн байгуулалтыг долоодугаар сараас эхэлнэ.
Sanuulga.mn