Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Татварын мөнгийг үргүйдүүлсэн үр дүнгүй форум, хэлэлцүүлгүүдээ зогсоо

Татварын мөнгийг үргүйдүүлсэн үр дүнгүй форум, хэлэлцүүлгүүдээ зогсоо

Монголчууд бид ардчилалыг сонгоод 30 жилийг ардаа үдсэн ч аргаа нэг л олохгүй хэвээр. Хөгжих чигээ, дэвжих бодлогоо, хөрш, чанадын орнуудаас үлгэрлэх хэв, загвараа тодорхойлж нэг л чадахгүй нь. Тогтож төвдөхгүй нь...

Өнгөрсөн зуунд манийхаа дэргэд “шог” байсан Солонгос мэт нь өнөөдөр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байна. Гэвч бид бахь байдгаараа л. Байснаасаа ч улам л дордох тийшээгээ...

Дэлхийн том гүрнүүдийн хөгжилд хүрсэн зам нь оновчтой бодлого, чадварлаг бодлого тодорхойлогчидтойгоо салшгүй холбоотой байдаг. Улс орноо гэх чин сэтгэлтэй хүмүүсээр улсаа удирдуулдаг байна. Тийнхүү тэдний зүтгэл, ардын итгэл ханьсан их үйлсийг, хөгжлийг цогцлоодог ажээ.

Манайд харин эсрэгээрээ. Өөрсдийгөө башийлгах гэсэн “мангас” сэтгэлтнүүд л магнайд суух. Ардыг чилээх. Улсыг сульдаах. Санаачилж, бүтээх нь үгүй. Сайхан, сайхан “бурахаас л” цаашгүй. Шат шатандаа ижил. Шалихгүй.

Өдгөө бүр манай төрийн байгууллагуудын ажил форум, хэлэлцүүлгүүд зохиоход л чиглэж байгаа бололтой юм. Өөрсдөө сэдэж дөнгөхгүйн тул өрөөлийн санааг  туулайчлах гэсэн арга л даа.

Олон жилийн өмнө гадаадын нэг зөвлөх монголд хэсэг амьдрахдаа энэ олон хурал, форумыг хараад гайхаад, халаглаад буцсан гэдэг.

Эдийн засгийн форум. Агаарын бохирдлыг бууруулах тухай форум. Хот хөгжүүлэх тухай форум. Хөдөө, аж ахуйг дэмжих тухай форум гээд л. Гоё, ганган итгэл төрүүлэхүйц нэртэй элдэв хэлэлцүүлгүүд энд тэндгүй л өрнөж байх. Өрнүүлж байх. Тэр нь ч дүүрч. Чухал нь гагц тэр хэрээр улс оронд бугшаад буй асуудлууд шийдэгдэх оновчтой гарц тодорхойлогдож байгаа юу гэвэл үгүй. Тиймгүй. Татвар төлөгчдийн мөнгө л хэдхэн нөхдийг хооллож, ундалж, цэнгүүлж, хоосон баахан чалчуулахын төлөөнөө урсаж, “ширгэж” байгаа. Халтуурны хэрэгт л үгүйрч байгаа. Хайран...

Одоо болих хэрэгтэй. Олон улсын, дотоод, гадаадын гэх янз янзын чимэгтэй хэрэггүй хэлэлцүүлгүүд өрнүүлэхээ зогсоовол зохилтой. Тийн чинээгээр улс хөгждөггүйг бодит байдал ч нотолж байгаа. Харуулж байгаа.

Ухаандаа бол улс төрчид, улсыг засаглагчид маань л унхиатай байвал “бадамлачих” зүйл л дээ хөгжил гэдэг чинь. Сэтгэлээс улбаатай. Зүтгэлээс улбаатай. Тэрнээс биш сэнхэртэл ярьж, сэнсэртэл чуулалдах нь шийдэл лав биш сэн дэг ээ... 

Форумдаж өдөржин бие биенээсээ даван гарч, хэн нь илүү мэдлэгтэйгээ гайхуулах гэсэн мэт элдвийг бурж, хуралдаж суухын тэр зардлуудаа нэгтгээд  улс орондоо үйлдвэр бариад, ажлын байр бий болгоод, ард түмнийг ажилтай орлоготой болгохын төлөө зүтгэх хэрэгтэй.

Улс орон хуралдаж, форумдаж биш ажиллаж, хөдөлмөрлөж, үйлдвэрлэж, бүтээн байгуулж хөгждөг гэдгийг бид хаа хаанаа ойлгох цаг хэдийнэ болсон.

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)