“Гайхамшигт тав”-ын гайхамшигт мурилт
Хорин дөрвөн оны УИХ-ын сонгууль айсуй. Хоёр, гурван жил ажин, түжин суусан ордны овгорууд захаасаа нүхээ малтаж эхлэв бололтой. Ухаарсан мэт л. Дараагийн парламентад суудал горилох нь дийлэнх. Даанч хорин онд “асгаруулсан” хоосон амлалтуудаа биелүүлсэнгүйн тул, “ясыг нь тогшоод” ярвигтай. Яалтай. Яаж ийгээд аргалж, ядруухан нэр зүүхгүй байхаа л гол болгох биз дээ “аваргууд”...
Баянзүрхийн тавыг л харчих. Яг ийм тактик хэрэглэж байх шиг. Дүүргээ нэгдсэн эмнэлэгтэй болгоно гээд дүүнгэттэл амлаад гарч ирсэн ч чадаагүй. Чадал нь хүрээгүй. Чалчихаас өөрөөр гавиагүй. Бүрэн эрхийнх нь хугацаа хэзээ мөдгүй дуусах нь. Бүтээсэн юмгүй л байцгаах шив дээ.
“Гайхамшигт тав” өнгөрсөн долоо хоногт хоороороо уулзаж. Хэрхэн эмнэлэгээ барих вэ хэмээн гүн мэтгэж. Амлалтаа мартаагүй ээ, хэлэлцэж байна шүү гээд цахим орчинд нотолгоо үлдээж, Зураг нийтэлж. За даа тэгээд цогцлох биз дээ гээд итгэл ч талбиж. Хөгжөөнтэй.
Бүрэн эрхийнх нь хугацаа дөрөвний гураваасаа хэтэрчихээд байхад л дөнгөж төлөвлөж, зураглаж байх юм шинэ эмнэлгийн бүтээн байгуулалтаа. Дөмөгхөн нь бол гишүүн болсныхоо маргаадраас л шижигнээд өгөх байсан биш үү. Харамсалтай.
Баянзүрхийнхэн асуулт дайж байна. Хэзээ эмнэлгээ барих вэ гээд. Бараа сураг байна уу гээд. Бид чинь хэцүүдлээ гээд. Гэтэл таг. Бүрхэг.
Одоо ч тэгээд ирэх сонгуулиас урьтаж эмнэлэг босгоно гэдэг нь ч “дашин шог” байлгүй дээ. Худлаа, үнэн нэрээ гаргаж шавыг нь ч болсон тавиасай даа. Хүсэх юм тэр л байна. Тавуулаа нижгэр цуглаад. Тодхон өнгөтэй тууз хайчлаад...
Д.Сүрэн
Sanuulga.mn