Хөдөлмөрийн орчин, нөхцөлийг сайжруулахад МҮЭХ-той хамтран ажиллана
Нийслэлд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хөдөлмөрийн нөхцөлийн сайжруулах, тэдний эрх ашгийг хамгаалах, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, эдийн засаг, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр НЗДТГ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-той хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд нийслэлийн хүн амыг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, мэргэжил сурталчлах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зэрэг цөөнгүй ажлыг хамтран хийх юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:
-Хүн амын 50-иас дээш, хөдөлмөр эрхлэгчдийн 60-аас дээш хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Тиймээс бүх салбарт ажиллаж байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах, цалин хөлсийг нь өсгөх, ажиллах таатай орчин бүрдүүлэх нь чухал. Нөгөө талаас нийслэлд ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэгэхээр энэ чиглэлд бид хамтарч ажиллана. Ерөөс хотын ирээдүй, салбар салбарын хөгжилд иргэн бүрийн оролцоо нэн чухал. Тиймээс иргэдийнхээ оролцоог дэмжиж, үүнд онцгой анхаарч ажиллана гэсэн юм.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
-Хотод тулгамдаж буй асуудал энд ажиллаж, амьдарч буй бүх хүнд хамаатай. Иргэн, хөдөлмөрчний эрх ашгийг хамгаалах чиглэлд ажиллана гэдэг тэгэхээр хоттой холбоотой. Тийм учраас төр, хувийн хэвшил, иргэн, үйлдвэрчний эвлэл бүгд нэгдэж, уялдаа холбоотой ажилласнаар бүгдэд ээлтэй, зөв, оновчтой шийдэл гаргана гэлээ.
Санамж бичгийн хүрээнд хийх ажлуудаас онцолбол, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн бүх нийтийн биеийн тамирыг дэмжих, “Эрүүл, аюулгүй ажлын байр” хөдөлгөөнийг өрнүүлэхээс гадна хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх хүрээнд иргэдийг аливаа осол, аюулаас урьдчилан сэргийлэх “Аюул, осол бүртгэх, мэдээлэх” цахим суваг нэвтрүүлэх юм. Мөн нийслэлийн хэмжээнд ажлын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл бий болгох, аж ахуй нэгжийн дэргэд хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх, хүүхдэд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэн ажиллана.
Sanuulga.mn