Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Цахим хөгжлийн дэд сайд Б.Болор-Эрдэнэ огцрох үндэслэл бүрджээ

Цахим хөгжлийн дэд сайд Б.Болор-Эрдэнэ огцрох үндэслэл бүрджээ

 

Цахим хөгжлийн Дэд сайд Б.Болор-Эрдэнэ  гаднын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Манай Засгийн газрын тулгамдсан асуудлын нэг бол шинэ Ерөнхий сайд маш олон залуусыг удирдлагын багтаа цуглуулсан боловч дунд болон анхан шатны албан хаагчид хөгшин хүмүүс байгаагаас гадна тэд Орос улсад боловсрол эзэмшсэн нь асуудал болж байна...” гэв.

Д.Болор-Эрдэнэ гэх залуу бүсгүй өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай “ойр ажилласныхаа хүчинд” төрийн албаны “хаалгаар биш тооноор” орж ирсэн гэж хэлж болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Д.Болор-Эрдэнийг Засгийн газрын агентлаг болох ХХМТГ-ын даргаар томилж ажиллуулсан. Тэрбээр ажиллах хугацаандаа И-Монголиа буюу төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг амжилттай зохион байгуулсан гэдэгч үнэндээ автор нь өөр хүмүүстэй холбоотой гэдэг. Мөн тэрбээр ХХМТГ-ын даргаар ажиллаж байхдаа нийгэм даяар Цар тахлын халдвараас сэргийлэх онцгой дэглэм үйлчилж байсан  2021 оны 09 сарын 17-ны өдөр дээрх дэглэмийг зөрчин нийтийг хамарсан “Цахим үндэстэн” шоу арга хэмжээ зохион байгуулж, цар тахлын халдварыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн ч хариуцлага хүлээхийн оронд 2022 оны 01 сард Цахим хөгжлийн яамыг шинээр байгуулахад түүнийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон.

Төрийн албаны хууль журмын хүрээнд Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох албан тушаалтан нь багадаа төрд 12-оос дээш жил ажилласан, үүнээс ахлах болон дэд дарга, даргын албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай байдаг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төрийн албанд мерит буюу шатлан дэвшүүлэх зарчмыг баримтална” гэж хэлж байсан нь Цахим хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэд үйлчилсэнгүй. Тэгээд ч өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Ковидын хуулиар Б.Болор-Эрдэнэ нарын даргатай ойр, түүний цүнх баригч, төрийн албанд ажиллаж үзээгүй, ажлын туршлагагүй, албан тушаалын шаардлагад хүрэхгүй олон хүмүүсийг ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ нэртэйгээр албан тушаал эрхлүүлж байгаа нь үнэн.

Энэ бүгдийг түр орхиод өнгөрөгч 9 сард болж өнгөрсөн ХОЁР үйл явдлын жишээг эргэн саная.

Эхний жишээ -  2022 оны 09 сард Монгол-Оросын хамтарсан Гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон “Сэтгүүлч С.Будрагчаа гэж эцэггүй, эмээ, өвөө хоёр дээрээ ядуу өссөн. Ээж нь гэж архичин авгай байдаг юм билээ. Энэ хүнд өөрийн гэсэн өмчлөх өмч байхгүй учраас мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй, амьдрал ахуй муутай, ядуу тарчиг өссөн хүүхдийг есөн жороор нь дуудаад баймааргүй байна” гэж хэлсний нь төлөө ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Ж.Соронзон захирлыг ажлаас нь чөлөөлөх тухай Засгийн газрын шийдвэрийг танилцуулахдаа “Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлдэг байх ёстой. Ялангуяа гарал үүсэл, яс үндсээрээ ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Төрийг төлөөлж аливаа шатанд ажиллаж байгаа этгээд ямар нэгэн байдлаар Үндсэн хуулийг зөрчих эрхгүй. Ж.Соронзон захирлын мэдэгдэл бидний зориод байгаа хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоох, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахгүй байх гэдэг үзэл санааны эсрэг байсан. Тиймээс түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаж байна” хэмээсэн.

Хоёрдох жишээ - 2022 оны 09 сарын 26-нд Төрийн ордонд болсон "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл "Үнэхээр ядуу байгаа айл өрхийг ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гэдэг утгаар нь манай яамныхан бол УЛНЫ айлууд гэж нэрлэдэг юм байна” хэмээн хэлснээс болж ОГЦРОХОД хүрсэн. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Аливаа төрийн албан тушаалтнууд хүний эрхийн асуудалд ул суурьтай хандаж, хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлооход анхаарч, хариуцлагатай хандахыг энэ үйлдэл харуулж байна. ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн хувьд хүний эрхийн зөрчилтэй, ёс зүйн асуудал гаргаснаа ухамсарлаж, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу Ерөнхий сайд тушаал гаргаж түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг албан ёсоор мэдэгдэе" гэсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 14.2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нар хариуцлагатай албан тушаалтуудыг ажлаас нь чөлөөлсөн.

Тэгвэл энэ удаад Цахим хөгжлийн Дэд сайд Б.Болор-Эрдэнэд Засгийн газраас ямар хариуцлага хүлээлгэхийг  хүлээцгээе. Б.Болор-Эрдэнийн гадаадын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагын агуулга бол Үндсэн хууль зөрчсөн, хүнийг нас, нийгмийн байдал, эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхсан хэрэг юм.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цахим хөгжлийн Дэд сайд Б.Болор-Эрдэнийг огцруулна гэдэгт итгэлтэй байна. Эс бөгөөс дабль стандарт буюу өөрийн хамаарал бүхий этгээдээ хэн  байсан ч хамгаалж үлдэж байгаагаас өөрцгүй хэрэг болно. 

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • zochin • 1 жил - 202.21.123.56 Хариулах
    Yag uneniig barimttaigaar bichjee