Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Авлигач, хулгайчдаа Д.Мөнх-Эрдэнэ шиг “гэрлийн хурдаар” шүүгээсэй, “шүүрдээсэй”...

Авлигач, хулгайчдаа Д.Мөнх-Эрдэнэ шиг “гэрлийн хурдаар” шүүгээсэй, “шүүрдээсэй”...

Монголын прокурор, шүүхийн байгууллагынхан тун чиг эрчтэй ажиллаж байна. Хурдтай. Яаруу. Даваагийн Мөнх-Эрдэнийн хэргийг даамай түргэн шийдлээ. Гайхам. Саймшрам. Гагцхүү шударга үнэн гээчийн агуулгыг хэр бодитой баримталсан эсэх нь л эргэлзээ төрүүлэх. Эргэцүүлэм.

Шүүхээс Д.Мөнх-Эрдэнийг консулын зардлаас дэд консул Н.Батзоригт 700 мянган төгрөг, Адьшаа Бямбаад 300 мянган төгрөг, эхнэртээ 551 мянган төгрөг илүү олгосон гэм буруутай хэмээн үзэж, ялласан гэх. Улмаар нийтийн албанд ажиллах эрхийг нь 5 жилээр хасаж, 4 жилийн хорих ял оноожээ. Төр төмөр нүүрээ үзүүлсэн нь энэ. Хатуугаар.

Мэдээж Д.Мөнх-Эрдэнэ өндөг шиг өөгүй, гэмгүй хүн биш байсан нь тодорхой. Гэхдээ өнгөрсний кейсүүдтэй дүйгээд үзэхээр энд нэг завхрал байна. Ялгаа байна. Шударга бус үнэртэх шиг.

Саяхан даа. УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн ажлын өрөөнөөс их хэмжээний бэлэн мөнгө олдсон асуудал гарч байсан. Мэдээж буруу замын л хөрөнгө гэдэг нь тодорхой. Авлига, албан тушаалын асуудал яригдсан. Айхавтар шийтгэл хүртэх нь ээ гээд нийгэм даяараа хүлээлт тавьж байв. Гэтэл олны санасан шиг зүйл өрнөөгүй. Д.Хаянхярвааг шүүхээс 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 8 жилээр хасаад л сулласан. Шударга ёсыг нухчсан.  Одоо тэр авлигын мөнгөөрөө авсан lexus570 машинаа унаад, голын эрэг дээр барьсан хаусандаа амьдраад, Сэлэнгэ Дархан хавийн  уул хадаар зугаалсан зургаа сошиалаар нэг тунхаглаж, бусдад “сургаал” айлдаж явна. Нийгмийн даатгалын хэдэн арван тэрбум төгрөгийг “шамшигдуулсан” УИХ-ын гишүүн асан, Капитал банкны эзэн  Ундармаа мөн л 40 саяар торгуулаад ялгүй үлдсэн.

Авлига албан тушаалын энэ мэт томоохон хэргийг тэгсхийгээд “дараад” өнгөрөөчихдөг шүүх өдгөө нэг сая гаран төгрөг “завшсан” гэх үндэслэлээр Д.Мөнх-Эрдэнийг 4 жил хорьж байх юм. Хоржоонтой. Үүнд хэн нэгний “захиалга”, тодорхой эрх ашиг “нөлөөлчихөв үү” хэмээн сэрдүүштэй.

Ямартай ч одоо бултаараа харъя. Шүүх, прокурорын ажлыг илүү няхуур цэгнэе. Сая гаран төгрөг завшсан Д.Мөнх-Эрдэнэ 4 жил хоригдож байгаа юм бол 10 тэрбум төгрөг “идсэн” С.Батдөл хэрхэн бандуулахыг үзье. Нүүрс хулгайлагч, Хөгжлийн банкыг тоногчдын асуудал ч хэр хурдан шийдэгдэхийг хүлээе. Шүүхийн мөн энд л тодорно. Эндээс л ард түмэн шүүх, прокурорынхныг утгаар нь “шүүнэ”.

Өнөөдрөөр жишиж дүгнэвэл улс орон, ард түмэндээ үнэмлэхүй хохирол учруулсан “том толгойтнуудад” удаан “жаргах” хугацаа үлдээгүй бололтой. Шүүх шуургалах биз.

С.Батдөлийг бушуу намная. Хойноос нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан тэргүүтнүүдийг ч “аавынх руу” ачъя.

Тэгж гэмээнэ шударга ёс тогтоно. Үндсэн хуулиар олгогдсон хүн бүрт хууль тэгш үйлчилдэгийн утга ч “амилна”.

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)