Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

“Түй чёрт” байсныг “Арай ч дээ” болгосноо ихэд бодох хэрэггүй

“Түй чёрт” байсныг “Арай ч дээ” болгосноо ихэд бодох хэрэггүй

Боловсролын салбарын багш, ажилчид Төв талбайдаа үзэл бодлоо илэрхийлж байна. Цалин, хөлсөө нэмүүлэхийг шаардах. Цатгалан байгаа гэж биднийг бүү дэгсдүүл, өчүүхэн бага орлогоор амь зууж байгаа шүү гээд учирлах. Эрх баригчид, салбарын сайддаа шаардлага хүргүүлэх. Сайжруулна гэсэн итгэл дайх. Гэвч эерэг үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй л...

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан жагсаалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлж байна билээ. “Өмнө нь багш нарын цалинг 20 хувиар нэмсэн тул өдгөө ийм зүйлс ярих нь утгагүй” гээд тоомжиргүйтэх. Инээдтэй. Өрөвдөлтэй.

Боловсролын салбарынхны ур чадвар, хөдөлмөр бодитоор үнэлэгдэхгүй байгаа. Үнэн. Цалингийн хэмжээ нь инфляцийн төвшинтэй уялддаггүй. Боломжийн гэж үнэлэх бололцоо огт үгүй. Тиймээс л багш боловсон хүчний гачигдал эл салбарыг нөмрөөд удсан. Цаашид бүр л дор дүр зураг ноёлох вий. Гарцаагүй. Гагц дорвитой шийдэл, үр дүнтэй бодлого л үүнийг эмнэх биз ээ...

“Түй чёрт” байсан багш, ажилчдын цалинг 20 хувь нэмж “Арай ч дээ” болгосон. Түүнийгээ их зүйл хийсэн шиг сэтгэх салбарын сайд эмгэнэл. Илүү өөрчлөлт хэрэгтэй. Шинэчлэл хэрэгтэй. Өдгөө тэр нь нотлогдож байна. Салбарынхны бухимдлаар илэрч байна. Нисэх онгоцны буудлаар дүүрэн тээшээ чирсэн багш нар. Тив дамнан, улс дамнан хүчирт нухлуулахаар одоцгоож байх. Хүүхэд нь хахсан “багшгүй” сургуулиуд. Хүндэд дарлуулсан “цалингүй” багш нар л олшров. Яалтай...

Нөгөөтэйгүүр боловсролын салбарт зөвхөн багш нар ажилладаг юм биш. Үйлчилгээний ажилчид гэх хүмүүс бий. Үүрэг, нөлөө ихтэй. Үндсэндээ хамаг л хар, борыг тэд л хийдэг. Эдгээр хүмүүс орхигдоод байгаа. Эд гар дээрээ 400-500-хан мянган төгрөг л авдаг гэх. Халаглам. Тиймээс салбарын сайдтан далайцтай сэтгэж, далайцтай ажиллах шаардлага эрхгүй үүсч байна даа. Олон чиглэлд...

Үнэнхүү сульджээ боловсролын салбар. Өндийлгөе сайдаа. Эс бөгөөс ирээдүйг ярилтгүй. Энэ чигээрээ л хөгжлөөс алсрая...

Өнгөрсөндөө бүгдээр царцъя...

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)