Хотын даргыг “шүүмжлээд” төслийн удирдагч болсон түүх
Олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж, сошил хэрэглэгчдийн дунд “Дух Цэцэг” гэдэг нэрээрээ танигдсан иргэн Б.Цэцэг өнгөрсөн зунаас эхлэн Сэлбэ голыг тохижуулах төслийн удирдагч болсноо олон нийтийн сүлжээгээр зарлан Хотын даргатай хамт авахуулсан зургаа нийтлэн, хотын даргын бодлого үйл ажиллагааг дэмжээд хэлсэн.
Зарим хүмүүс мартсан байж магадгүй. Иргэн Цэцэг ковидын үед Хотын дарга Д.Сумъяабазарын хэрэгжүүлсэн НОК-ын хаалтаа нээсэн зэрэг үйл ажиллагааг хурцаар шүүмжилж, фэйсбүүкээр лайв хийхдээ түүнд с.лаавч гаргаж үзүүлж байсан.
Харин дараа зун Баяр наадмын үдэш Их тэнгэрт болдог Ерөнхийлөгчийн нэрэмжит зоогт уригдан очихдоо өмнө нь шүүмжлээд байсан Хотын даргатайгаа патиараа хамт татуулсан байдаг.
Төд удалгүй өнгөрсөн зунаас Сэлбэ голыг тохижуулах, усны урсацыг сайжруулах хүрээнд АНУ-аас ирсэн усны инженер, ландшафтын инженерүүдтэй өндөр үр дүнтэй уулзалт хийснээ зарлаж, Хотын даргын бодлого үйл ажиллагааг магтаад эхэлсэн.
Тэгвэл Иргэн Б.Цэцэг саяхан “Сэлбэ голын урсац, орчмыг сайжруулах төсөл 8 жил гацсаны дараа НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын санаачлагаар төслийн нэгж байгуулагдан төлөвлөгөөт ажлууд олон улсын түвшинд бэлтгэгдсэн баг бүрэлдэхүүнтэйгээр эхлэж байгаад баяртай байна. Нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий Сэлбэ төсөл ард түмний итгэл, хүлээлтийн дунд байгаагч чухалчилж өндөр ач холбогдол өгч байгаа явдалд Солонгос улсын мэргэжилтнүүд маш их баярлаж байлаа...” хэмээх постыг өөрийн цахим хуудсандаа оруулжээ.
Ямартай иргэн Б.Цэцэгийн дээрх постуудаас хэд хэдэн зүйл тодорхой харагдаж байна.
“1 дүгээрт: Хотын дарга Д.Сумъяабазар 8 жил саатсан Сэлбэ голын тохижуулах төслийн нэгжийг байгуулан өөрийн нь бодлого үйл ажиллагааг шүүмжилж байсан Иргэн Б.Цэцэгийг төслийн удирдагчаар томилон өндөр өртөг бүхий дээрх төслийг хариуцуулсан нь тодорхой байна.
2 дугаарт: Иргэн Б.Цэцэг Сэлбэ голыг тохижуулах, усны урсацыг нэмэгдүүлэх, орчмыг нь сайжруулах ажлыг “Нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой ажил” гэж ойлгодог юм байна.
3 дугаарт: АНУ, Солонгос зэрэг улсаас ландшафтын мэргэжилтнүүд, инженерүүд удаа дараа урьж ирүүлэн ажиллаж байгаагаас үзвэл төслийн ажил нэгэнт эхэлж, татвар төлөгчдийн мөнгө зарцуулагдаад эхэлсэн ч өнөөдрийг хүртэл Сэлбэ гол дээр ямар нэг ажил хийгдээгүй хэвээр байна.
4 дүгээрт: Сэлбэ голын тохижуулна хэмээн өмнө нь тухайн цаг үед Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, эдүгээ Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байгаа Б.Баярмагнай гэдэг хүн төсөл боловсруулж, ажлын зураг, видео гаргаж нийтэд танилцуулсан ч татвар төлөгчдийн хөрөнгө сүйдээд өнгөрсөн. Энэ үйл явдал давтагдахгүй гэхийн баталгаа байгаа эсэхт төслийн удирдагч Б.Цэцэг, Хотын дарга Д.Сумъяабазар нар хариулт өгөх нь зүйтэй.
5 дугаарт: Хотын даргыг удаа дараалан шүүмжлээд, буруутгаад байвал Хотын даргаас их хэмжээний мөнгөн дүн бүхий төсөл хөтөлбөр авч хэрэгжүүлж болдог юм байна.” гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна.
Ямартай ч Хотын дарга Д.Сумъяабазар, Сэлбэ голыг тохижуулах төслийн нэгжийн зохицуулагч Б.Цэцэг нарын ажлын хоршил хэр ахицтай байхыг ирэх жил гарах л үлдлээ.
А. Галт
Сануулга.мн