Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Ж.Ганбат: Ногдол ашиг гэхээс илүү эхлээд нүүрсээ үнэ хүргэх хэрэгтэй байна

Ж.Ганбат: Ногдол ашиг гэхээс илүү эхлээд нүүрсээ үнэ хүргэх хэрэгтэй байна

Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой ХК дээр онцгой дэглэм тогтоож, БЭТ томилоод таван сар өнгөрөв. Энэ хугацаанд борлуулалт 4.1 дахин, тээвэр 3.9 дахин, экспорт хоёр дахин, орлого 3.9 дахин, олборлолт 2.7 дахин нэмэгдүүллээ гэж БЭТ Ж.Ганбат мэдээллээ.

Тэрээр "Он гарснаас хойш 7.5 сая тонн нүүрс борлуулж, 765.2 сая доллар олсон. Үүнээс 415 мянган тонн нүүрсийг бирж дээр арилжлаа. Өмнө нь 9-10 доллараар зарагдаж байсан эрчим хүчний нүүрсийг 70 гаруй доллараар бирж дээр арилжиж чадлаа. Сайн чанарын коксжсон нүүрсийг 110 ам.доллараар зардаг байсан бол 180 ам.доллараар зарлаа. Нийт биржийн арилжаагаар 20.9 сая ам.долларын орлого нэмж оллоо. Өнгөрсөн таван сарын хугацаанд 900 гаруй сая ам.доллараар валютын нөөцийг нэмэгдүүлэв. Өр 603 сая ам.доллар байсан бол одоо 180 мянган ам.доллар болсон байна. Үүнийг богино хугацаанд барагдуулна" гэлээ.

Мөн тэрээр ЭТТ ХК дээр баривчилгаа хийсэн гэх мэдээллийг худал мэдээлэл хэмээн мэдэгдэж, 1072 хувьцаанд ногдол ашиг тараах талаар мэдээлэл өгөв.

Тодруулбал, ЭТТ ХК 2022 оны санхүүгийн тайлангаа гаргаж, аудитаар шалгуулж байна. Үүний дараа ТУЗ-д танилцуулж, хуралдсаны дараа ногдол ашиг тараах уу, үр ашигтай төсөл санхүүжүүлэх үү гэдгээ шийднэ гэв. ЭТТ ХК-ийн баруун болон зүүн цанхиас олборлолт хийдэг. Баруун цанхийн нүүрсний чанар тааруу тул түүнийг үнэ хүргэхэд технологийн хувьд сайжруулж, хөрөнгө оруулахад анхаарна. Үүний хүрээнд угаах үйлдвэрийн төсөл хэрэгжиж байна. Ирэх онд багтааж дуусгана. Баруун цанхийн нүүрсийг угааж зарвал илүү үнэ хүрнэ. Ногдол ашиг гэхээс илүү эхлээд нүүрсээ үнэ хүргэх хэрэгтэй байна гэв.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)