Н.Энхболд: Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хоёр сарын л хугацаа байна
Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах туай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй гишүүд УИХ-ын даргад өргөн барьлаа. Тус хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-МАН-аас гурав, Ардчилсан намаас хоёр, ХҮН намын төлөөлөл Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж, бүгд санал нэгдсэн. Сонгууль дахь мөнгөний нөлөөг арилгахад холимог тогтолцоо давуу талтай. Аль болох хүний санал УИХ-ын гишүүний суудлын тоон дээр заавал тусгалаа олох манайд хамгийн сайн тохирох хувилбарыг холимог тогтолцоог сонгон авч хуулийн төслөө өргөн мэдүүллээ. Мажоритар тогтолцооны хувьд “Иргэдийн саналын тал хувь нь УИХ-ын гадна үлдчихлээ” гэж хамгийн их шүүмжлэл хүлээдэг. Нийт иргэдийн 50 орчим хувийн санал авсан улс төрийн хүчин УИХ-ын 70-80 хувийг бүрдүүлж байгаа нь нийгмийн шударга ёс талаасаа байж болшгүй зүйл. Хоёрдугаарт нийгмийн бүхий л давхрагын төлөөлөл, хүсэл эрмэлзэл УИХ дээр тусгалаа олохгүй байна гэдэг асуудлыг олон жил яригдсан. Энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийг боловсруулахдаа зөвхөн 2024 оны сонгуулийг бодоогүй. Үндсэн хууль батлагдсанаас хойшхи УИХ-ын сонгуулиудын дүн, түүний үр дүн, нийгэм улс төрийн амьдралд үзүүлж байгаа нөлөө, иргэдийн байр суурь, сонгогчдын хүсэл эрмэлзэлийг хамтатгаж нэгтгээд уг хуулийн төслийг болрвсруулан оруулж ирсэн. Одоо УИХ-ын холбогдох бүтцийн байгууллагуудаар хэлэлцэж, сонгууль эхлэхээс жилийн өмнө уг хууль батлагдсан байх ёстой. Багцаа хугацаа хэлэхэд энэ оны зургадугаар сарын 20-ны үед Сонгуулийн хууль батлагдсан байх ёстой. Бидэнд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хоёр сарын л хугацаа байна. Бүхий л талаас нь хэлэлцэж уг хуулийг батлаад явах бодолтой байна. Албан ёсны хэлэлцүүллэгүүд ирэх долоо хоногоос явах байх.
Sanuulga.mn