Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Боловсролын салбар чинь “бохиртоо” живлээ.  “Хоол хийхээ азнаж”, ажлаа хий сайдаа...

Боловсролын салбар чинь “бохиртоо” живлээ.  “Хоол хийхээ азнаж”, ажлаа хий сайдаа...

Боловсролын салбар “хир буртгаасаа” ангижрах цаг нэгэнт болжээ. Болж, бүтэхгүй асуудлууд цаг ямагт ургаастай. Ундраастай. Хуурамч диплом, хуурамч зээл, ”худал” боловсрол, хуучирсан тогтолцоо, хүн хүчний хомсдол. Тоочоод байвал тоймгүй их зүйлс бий.

Эл салбарт их цэвэрлэгээ, их шинэчлэл хийх үе нь хэдийнээ ирсний бодит нотолгоо чухам энэ. Иймээс бидэнд ирээдүйнхээ төлөө зоримог хөдөлж, зүйтэй санаачлага гаргах шаардлага эрхгүй үүсч байна. Энэ үйлийг Л.Энх-Амгалан сайдтан манлайлах учиртай. Маргаангүй.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан саяхан “Хуурамч дипломтой багш нарыг ажлаас нь халвал хомсдол үүснэ. Тиймээс чадавхжуулах сургалтад хамруулж,  цаашид үргэлжлүүлэн багшлуулна” хэмээн учирлаж зогсоно билээ. Ухаандаа бурангуйг өөгшүүлж л байгаа хэрэг үү гэлтэй.

Эл салбар өөдтэй байсан бол сайд нь ийн “муйхарлаж” суух шалтгаан үгүй. Боловсон хүчнээр “хахаж”, болохгүй нөхдийг хүлцэлгүйгээр “хөөх” хэмжээний чадамжтай л байх шүү дээ. Гэвч ингэж эс чаддагийнх нь гор өдгөө их багын зэргээр илэрсээр байна.

Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбаатар гэгчтэй холбоотой дуулиан сүүлийн өдрүүдэд газар авч байна. Өнгөрсөн онд сайдаасаа “ёс зүйн тухай лекц” сонсож асан тэрбээр өдгөө дахиад л “дэггүйтсэн” бололтой.

Сургуулийнхаа спорт заалыг хоёр жил гаруйн хугацаанд хувь хүн болон албан байгууллагуудад түрээсэлж, мөнгийг нь бэлнээр болон хувь хүний дансаар аван, захиран зарцуулж байсан үйлдэл нь илэрч. Мөн сургуулийн усан бассейн, авто зогсоолыг ч ийм маягаар ашиглан, “буруу замаар будаа тээж” байжээ.

Гэхдээ энд дурдагдсан нь зөвхөн өнгөц төдий зүйл. Цааш ухвал Ц.Баярбаатартай холбоотой олон ч но илрэхийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Наад зах нь гэхэд л ажлын байрандаа архиддаг, шинээр орон тоо бий болгож, ах, дүүс, ойр тойрныхноо ажлын байраар хангадаг тухай баримт ч бий гэнэ.

Гэвч энэ мэт ёс зүйгүй үйлдлүүдийг олноор гаргаж буй Ц.Баярбаатарт холбогдох яам нь хариуцлага тооцож чадахгүй байна. 20 дугаар сургуулийн багш ажилчид, эцэг эхчүүдийн төлөөлөл БШУЯ-нд хэд хэдэн удаа хандсан ч дорвитой хариу өгөлгүй өнөөг хүрчээ. Энэ бол зөвхөн ганцхан сургуулийн жишээ. Ижил дүр зураг улс орон даяар тоо томшгүй бий. Нийгэмд анзаарагдсан нь л дээрх.

Тиймээс Л.Энх-Амгалан сайд үүнд хариу өгөх ёстой. Энэ мэт ёс зүйгүй нөхөд нүдэн дээр нь хууль зөрчиж даварч байхад, “нүд нь балай, чих нь дүлий” мэт аашлахын учир үгүй. Цэгцлэх хэрэгтэй. Албан тушаалаас нь чөлөөлж, зохих хариуцлагыг хүлээлгэх учиртай.

Арай “хомсдол” гэдгээр шалтаглаад Ц.Баярбаатар мэтийн увайгүй үйлдлийг хаацайламгүй л байлтай.

Анхаараач сайдаа. Бид ч анхааруулж сануулья. Боловсролын салбар чинь “бохиртоо” живлээ. Азнах ч завгүй зүтгэх хариуцлагатай мөч ирж шүү. Хоол хийхийн ч чөлөөгүй...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)