Н.Учрал: Газар эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийг авна, хураана гэж ойлгож болохгүй
Засгийн газар 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд 5Ш ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд Шилэн ажиллагааны хүрээнд төрийн мэдээллүүдийг нийтэд ил тод болгож байгаа. Өнгөрсөн долоо хоногт есөн байгууллагын 3450 тусгай зөвшөөрлийг нээлттэй болсон бөгөөд өнөөдрийн байдлаар shilen.gov.mn сайтад 18 байгууллагын 13586 мэдээлэл нээлттэй болжээ. Улсын хэмжээнд 36 тусгай хамгаалалттай газар нутаг байдгаас 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийсэн байна. Үүнээс эхний ээлжинд Богдхан уулын Дархан цаазат газрын 2973 га газар болон Хөвсгөлийн байгалын цогцолбор 501 га, нийт тусгай хамгаалалттай 3474 га газрын мэдээллийг өнөөдрөөс ил тод болгож байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээллээ.
Тэрээр "Дээрх нэр дурдсан хоёр газарт 1071 иргэн 2099 га, 887 байгууллагад 3175 га газрыг олгосон байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8-р зүйлд заасан мэдээллүүдийг ил тод болгох хүрээнд тусгай хамгаалалттай газарт газар эзэмшиж байгаа иргэн, ААН, байгууллагын нэрийг ил болгох нь мэдээлэл хариуцагчийн үүрэг. Тухайн газрыг эзэмшиж байгаа нь хууль бус биш, гол нь нээлттэй болгох үүргийг төрийн байгууллагууд гүйцэтгэж байгаа юм. Нээлттэй болгосноор иргэд төрийн үйл ажиллагааг хянах бололцоо бүрдэж байна. Тусгай хамгаалалттай газар газар эзэмшиж байгаа эзэмшигчид газрын төлбөрөө төлж, зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих боломжтой болно. Түүнээс газар эзэмшигч нарын тусгай зөвшөөрлийг авна, хураана гэж ойлгож болохгүй. Анх аялал жуулчлалын зориулалтаар газар авсан бол тэр зориулалтаараа ашиглаж байна уу, үгүй юү гэдэгт нийтээрээ хяналт тавих боломжтой" гэлээ.
Түүнчлэн, өнөөдрөөс shilen.gov.mn сайтад Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас олгож байгаа Байгаль орчин уур амьсгалын сангийн 2020 оноос хойших мэдээллийг нээлттэй болгож байгаа аж. Улсын хэмжээнд 23 Засгийн газрын тусгай сан байдгаас эхний ээлжинд 12 сангийн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгох албан хүсэлтийг хамаарах есөн сайдад хүргүүлжээ.
Sanuulga.mn