Өдгөөгийнх шиг “хэлгүй” гишүүд олшрох вий дээ...
Хаврын улс төр хачин шуугиантай эхэлж байна. Дуулиантай. Халаа сэлгээнүүд хийгдэж, прокурорын байгууллагын шахалтаар “хулгайч авилгач” улс төрчдөө парламент шахан, “зайлуулж” байна.
Нүүрс шомбодсон хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эрхийг түтгэлзүүлсэн бол хойноос нь Т.Аюурсайхан, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж Т.Аюурсайхан, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарыг гишүүнээс нь эгүүлэн татлаа. Мөнхүү бас ийм бан хүртэхүйц хэд хэдэн хүний нэр ч яригдаж байгаа сурагтай. Зөв.
Шударга ёс үүнээс л эхэлж, дэвжин “үрслэх” учиртай.
Үүний хажуугаар бас нэгэн анхаарал татахуйц үйл явдал өрнөж байгаа нь УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал юм. Эрх баригчид зургаадугаар сарын 20-ны дотор уг хуулийг шинэчлэнэ гэдгээ мэдэгдсэн.
Улмаар Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг хэлэлцээд Сонгуулийн хуульд сонгуулийн тогтолцоог холимог буюу 50 хувь нь мажоритари, 50 хувь пропорциональ байхыг дэмжихээр тогтжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-д сонгогдох 76 гишүүний 38-ийг нь тойргоос тус бүр нэг мандатаар, 38-ийг нь намын жагсаалтаар сонгоно гэсэн үг юм. Хамгийн сонирхолтой нь намын жагсаалтаас сонгох 38 гишүүний 50 хувь нь буюу 19 нь эмэгтэйчүүд байхыг дэмжсэн байна.
Тэгвэл парламент дахь эмэгтэй гишүүдийн тоог ийнхүү нэмэх явдал нь чухамдаа нийгэмд ач холбогдолтой байж чадах уу гэдэг асуудал анхаарал татаж байна.
Эмэгтэйчүүдийн эрх, жендерийн үүднээс авч үзвэл мэдээж энэ нь сайн хэрэг. Тэдний улс төрийн тавцан дахь байр суурь, оролцоо нэмэгдэж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолой илүү тодоор цуурайтах боломж бүрдэнэ. Гэхдээ өнөөгийн дүр зургаас харвал ийм зүйл болох нь юу л бол гэмээр.
Одоогийн парламент түүхэнд байгаагүйгээр олон эмэгтэй гишүүнтэй гэгддэг. Гэвч тэдэнд хийж, хэрэгжүүлж, сэдэж, санаачилж шальсан юм огт байхгүй. Гавихгүй.
Эмэгтэйчүүдийн идэвхийлэн манлайлж, шийдэл эрэлхийлбэл зохих гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн асуудал, эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсролын асуудал гээд мундахгүй олон зүйлс бий. Тэр бүхэн дээр тэд дуугардаггүй. Дуугарахыг ч хүсдэггүй.
Залаад ирсэн лам шиг “залхуутай” хэдэн “амьтад” л “хөглөрч” үзэгддэг. Тиймээс эмэгтэй гишүүдийн тоог нэмэх явдал нь энэ мэт “амьгүй албатуудыг” л олшруулахаас цаашгүй зүйл болох вий гэж олноороо эмээнэм. Нийгэмд тийм хардлага байна.
Нөгөөтэйгүүр эрх баригчид парламент дахь эмэгтэй гишүүдийн квотыг нэмж буй явдал нь эрчүүлд итгэл алдарсных нь нэг том илрэл үү гэлтэй.
УИХ-д эрэгтэйчүүд олон байгаад нэмэргүй, тэд авлига, албан тушаалын асуудалд орооцолдох нь их, ийм зүйл сэдэх нь “адтай”, “томоогүйтэх” нь тоймгүй байгаа тул эмэгтэй гишүүдийн тоог нэмэх замаар эл асуудлыг сааруулах зорилгыг ч бодлого тодорхойлогчид гаргасан байж мэдэх.
Ямартай ч ийм нэгэн үйл явдал ойрын өдрүүдэд өрнөж байна.
Дээрх төсөл энэ чигээрээ яваад, хууль болоод батлагдчихвал дараагийн парламент даамай олон эмэгтэй гишүүдтэй болох юм. Тэр нь ч дүүрч.
Тэд маань харин чуулганы хуралдаандаа цатгалан ирдэг, модон жорлонгоос давж, алсыг бодож ярьдаг, үрсийнхээ сайн ээж, нөхрийнхөө сайн гэргий үнэхээрийн үлгэр дуурайлалтай улс төрчид байна байгаа л гэж найдъя...
Д.Сүрэн
Sanuulga.mn