Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.02

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн нам хууль бус санхүүжилт ашиглавал татан буугддаг болно

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн нам хууль бус санхүүжилт ашиглавал татан буугддаг болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар тогтжээ.

Парламентад суудалтай гурван намын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт танилцуулсан. Засгийн газар уг төсөлд өгөх 30 гаруй саналыг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болжээ.

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн даваа гарагт УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг төслийг дэмжих улс төрийн шийдвэрээ гаргасан. 2023 оны зургадугаар сарын 20-ноос өмнө уг хуулийг батлахаар тооцсон.

Энэ удаагийн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа сонгуулийн тогтолцоог холимог буюу 50 хувь нь мажоритари, 50 хувь пропорциональ байхаар тусгаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, УИХ-д сонгогдох 76 гишүүний 38-ийг нь тойргоос, 38-ийг нь намын жагсаалтаар сонгодог болох юм. Намын жагсаалтаас сонгох 38 гишүүний 19 нь эмэгтэйчүүд буюу нэг хүйсийн эзлэх хувь хамгийн багадаа 30 увь байхаар тооцсон гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.

Мөн тэрээр "Аливаа шатны сонгуульд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлсэн этгээдүүд нэр дэвшихгүй байх бүх нөхцөлийг хангаж өгсөн. Зарим намууд уг асуудлыг намын дүрэмдээ тусгаад явж байгаа. Намын жагсаалтын ард авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүс орох гээд байна уу гэдэг хардлага байгаа. Гэхдээ хариуцлагатай хэлэхэд, тийм боломжгүй. Хоёрт, нэр хүндээ алдсан хүнийг жагсаалтандаа бичсэн тохиолдолд намуудын хариуцлагын асуудал хөндөгдөнө. Хууль бус үйлдэл гаргаж, гэмт хэрэг хийж, нэр хүндээ алдсан хүнийг жагсаалтад оруулснаараа тухайн нам иргэдийн итгэлийг хүлээж чадахгүй.

Түүнчлэн, өчигдөр Ерөнхий сайдын зүгээс чиглэл өгсөн. Улс төрийн намын хууль бус санхүүжилтийг хязгаарлах хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагуулан өргөн барих үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад өгсөн. Энэ асуудлыг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар хязгаарлалтыг хийе. Ингэхдээ төрийн эрхийг хууль бусаар авахтай дүйцэхүйц хэмжээний ял шийтгэлтэй байх зохицуулалт хийх саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зүгээс илэрхийлсэн. Нэг ёсондоо улс төрийн намууд хууль ёсны хандив санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг зам руу орно. Хууль бусаар ямар нэгэн хэлбэрийн санхүүжилтийг авсан улс төрийн нам татан буугддаг, хууль бус хандив өгсөн этгээд нь Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээдэг системийг бий болгодог болгохыг үүрэг болгосон" гэлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)