Б.Чойжилсүрэн: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажлыг 2024 онд дуусгана
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү тогтоолоор дөрвөн шийдвэр гарсныг ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.
Нэгд, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын техник хяналтын зардлын тав орчим сая долларыг 2024-2027 оны улсын төсөвт суулгаж гаргана.
Хоёрт, эд хөрөнгийн нөхөн үнэлгээний үлдэгдэл дөрөв орчим тэрбум төгрөгийг 2024 оны төсөвт суулгана.
Гуравт, нэг удаагийн нөхөн төлбөр олгох 1241 иргэн бий. Үүний үлдэгдэл болох 13.3 тэрбум төгрөгийг 2024 онд багтаан барагдуулна.
Дөрөвт, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын усан сангийн нөлөөнд автах соёлын өвийг хамгаалахад зургаа орчим тэрбум төгрөгийг 2024 оны төсөвт суулгах шийдвэрүүд гарчээ.
Өөрөөр хэлбэл, 2024 онд багтаан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажлыг бүрэн дуусгахад ЭХЯ, Соёлын яам ажиллана гэлээ.
Үүнээс гадна Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төлсийн удирдагчийг чөлөөлсөн. Өмнө гарсан маргаанууд төслийн удирдагчийн үйл ажиллагаатай холбоотой зүйл бий ажээ. Одоо түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа бөгөөд сонгон шалгаруулалт зарласан байна.
Мөн тэрээр Эгийн голын УЦС, Тавантолгой ДЦС-ын талаар мэдээлэл өглөө.
Эгийн голын УЦС-ын тухайд ОХУ ЮНЕСКО-д гомдол гаргасан байна. Тиймээс ЭХЯ-аас байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, үр дүн гарсан гэв. Үр дүнг ЮНЕСКО-д хүргүүлнэ. ОХУ-д урьдчилсан байдлаар хүргүүлсэн.
Тавантолгой ДЦС-ын тендер зарлах талаар Засгийн газрын тогтоол гарахаар бэлдэж байна. Сайд нар санал гаргаж байгаа учир дахин долоо хоногоор хойшилсон. Тогтоол гарсны дараа тендер зарлана.
Sanuulga.mn