З.Энхболдод хилийн хориг тогтоох прокурорын саналыг шүүх хүлээн авсангүй
Нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын дарга асан З.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Улмаар Монгол Улсын хилээр гарахыг хориглох саналыг /2023.03.24/ шүүхэд хүргүүлсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр З.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолтой З.Энхболд тав хоногийн дараа буюу энэ сарын 27-ны өдөр танилцсан болох нь түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...сая /2023.03.27/ өмгөөлөгчийн хамт прокурорын тогтоолтой танилцаад, мэдүүлэг өгөөд ирлээ...” гэх тайлбараар нотлогдсон. Түүнчлэн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын танилцах хэсэгт /З.Энхболд, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гээд гарын үсэг зурсан/ баримт зэргээр тогтоогдов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ...” гэж, мөн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ /Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох/ авна...” гэж тус тус заасан.
Прокурор З.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулаагүй, тайлбар, мэдүүлэг аваагүй байхдаа таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал шүүхэд ирүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.
Иймд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн санал дахин гаргах эрх нь нээлттэй болно.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар