Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.02

Парламентад “хулгайч” гишүүдээ авч үлдэх нууц тохироо өрнөж байна гэв үү...

Парламентад “хулгайч” гишүүдээ авч үлдэх нууц тохироо өрнөж байна гэв үү...

Нүүрсний хулгайн гэх хэрэг энэ улсад бугшаад удсан асар том шударга бусын мөнийг илчилсэн. Дүрийг тодруулсан. Шударгыг цогцлоох зам амаргүй гэдгийг ч давхар нотолсон.

Гэвч засаг цуцамгүй байна. Авилгач, хулгайчидтай “үзэлцэх” Ерөнхий сайдын тэмцэл “амьтай” байсны ачаар өдгөө түмнийхээ боломжид халдсан гэх улс төрчид гэмээ үүрч эхэлж байна. Шалгуулж байна. Түрүүчээсээ төрхөмдөө буцаж байна. Ж.Мөнхбат л гэхэд саяхан бүрэн эрхээсээ түдгэлзэж, эрх ямбаа хураалгалаа. Хариуцлагын цэнийг үлгэрлэлээ. Харин одоо цаадах бусад нь хэрхэхийг л харах үлдэж байна бид...

Өнгөрсөн баасан гарагт УЕП-оос Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барьсан. Хуулийн дагуу ажлын тав хоногт багтаан уг асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх ёстой. Тиймээс маргааш, нөгөөдөргүй эдгээр гишүүдийн хувь заяа дэнслэгдэх учиртай юм.

Гэвч зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар олны хүссэн шиг үр дүн гарахгүй бололтой. Нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан дээрх гурван гишүүнийг “авч үлдэх” далд тохироо УИХ дахь “ангийнхан” дунд аль хэдийн хийгдчихсэн маягтай юм. Улс төрийн хүрээнийхэн тийн шивнэлдэж байна гэнэ.

Өчигдөр л гэхэд Ардчилсан намын бүлэг хуралдаж, “Ажнайгаа авч үлдэхийн төлөө амь хайргүй зүтгэнэ ээ” гэх нь холгүй "тангараг өргөцгөөж”  байна билээ. 11-хэн суудалтай тул ганцыг нь алдах ч хайран хэмээн сэтгэж. Өчүүхэн.

Ардчилсан нам саяхан шинэ даргатай болсон. Шинэ замаар замнанаа хэмээсэн. Шударгын төлөө идэвхийлнээ гэсэн. Гэвч хачир дээрээ худлаа байж. Лу.Гантөмөртөн тэргүүтэй “тамгаа булаацалдагчид” өөрийн хүнээ авч үлдэхийн төлөө өрөөлийн намын “атганд орж”. Ханьсаж. Хүний, өөрийнгүй бүгдийг нь авч үлднээ гээд кноп дарахаар тохирч. Харамсалтай. Ичгүүртэй.

Ерөнхий сайд намын даргын  хувьд журмын нөхдөдөө “Үнэний төлөө хамтдаа зүтгэе” гээд учирлаж байгаа л гэх.  Гэвч нүднээс нь далдуур юу өрнөхийг хэн ч таашгүй. Бүх юм нууцгайхан өрнөдөг хачирхалтай хууль л улс төрд үйлдчилдэг шүү дээ.

Тиймээс урьдач таамгаар Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын хэний нь ч бүрэн эрхийг цуцлах кнопыг парламентад суугаа МАН, АН-ын бүлгийн гишүүд дарахгүй бололтой.

Зүй нь бол үгүй ядаж, бүхэл бүтэн нүүрсний мөргөцгүүд “хулгайлчихсан” гэдэг “Ажнай”-г МАН-ын гишүүд нэгдэж, дангаар нь ч болов “явуулах” учиртай.  

Үгүй бол тэр цаашид  худлаа ярин, “хулгайгаа” үргэлжлүүлэн, төрөөс шимэгчилж, түмнийг хуураад л сууж байх бололтой юм. Халаглам.

Хэрхэхийг ямартай ч харъя. Хүлээх л үлдлээ.

Булхай лоосуутай хатуухан тэмцэх хэргийг Засаг нь идэвхийлээд байхад Хууль тогтоогчид нь замхруулаад байдаг ийм “заваарсан” тогтолцооноос хэзээ бид ангижрах юм бол доо.

Д.Сүрэн

sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)