Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.02

Халдашгүй байдлын дэд хороо "нүүрсчин" гишүүдээ "бандаж" чадах уу?

Халдашгүй байдлын дэд хороо "нүүрсчин" гишүүдээ "бандаж" чадах уу?

Увайгүй үйл хийж улс зоныхоо дориун аж төрөх боломжийг хулгайлсан гэх нүүрсний хэрэгт холбогдоод буй нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудал ид яригдаж байна. Шударгын илд гялсхийх үү эсвэл шударга бусын салхин нэвт үлээх үү гэдгийг бид нүдээр үзэж, мэдрэх мөч өнөө маргаашгүй болжээ.

Өнгөрсөн баасан гарагт УЕП-оос Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан. Хуулийн дагуу энэ асуудлыг ажлын тав хоногт багтаан шийдвэрлэх учиртай. Тэр хугацаа маргааш дуусна. Маргаашнаас их хэлэлцүүлгүүд өрнөнө.

Гэхдээ дуулиант хэрэгт холбогдсон дээрх “аваргуудыг” явуулахуйц хамгийн гол, чухал шийдвэрийг Халдашгүй байдлын дэд хороо гаргах юм. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан материалууд болон прокуророос оруулж ирсэн дэлгэрэнгүй танилцуулгатай хаалттай байдлаар танилцаж, гишүүдийн хувь заяаг урьдач байдлаар дэнслэх билээ. Үүнээс л их зүйл хамаарна.

Нэг ёсондоо Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдэд шударга бусыг таягдан хаяж, авлига, хээл хахуультай тэмцэх, ард түмэнд шударга ёс байдаг юмаа гэдгийг нотлох асар том хүч бий гэсэн үг. Энэ ч утгаараа тэднийг чимээлэх нийгмийн хүлээлт өндөр байгаа юм.

Өнгөрсөн хавар даа. Яг ийм үйл явдал өрнөж Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Б.Жаргалсайхан прокурор оруулж ирж байсан. Гэвч тус дэд хорооны гишүүд “түдгэлзүүлэх шаардлагагүй” гэх дүгнэлт гаргаж, асуудалтай гишүүдээ авч үлдэж байсан удаатай билээ. Өдгөө ч тэрхүү дүр зураг давтагдаж мэдэх. Тийм айдас байна. Сэрдлэгэ байна..

Халдашгүй байдлын дэд хороо нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй. УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон туршлагатай гэх гишүүдээс бүрддэг. Энэ парламентын хугацаанд тус дэд хороонд Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, С.Бямбацогт нарын гишүүд харьяалагдаж байгаа. “Хамаг бүдүүн” нь Ц.Мөнх-Оргил гишүүн.

Ц.Мөнх-Оргил даргатай эл дэд хорооныхон ямар шийдвэр гаргахыг одоо чухам харах л үлдэж байх шиг. Ерөнхий сайдын магнайлсан шударга ёсны тэмцлийн буухиаг тэд үргэлжлүүлэн дэмнэж чадах уу...

Аль эсвэл...

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)