Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Ардын чадалтай хүүхэд аваг тэр зээлийг чинь!

Ардын чадалтай хүүхэд аваг тэр зээлийг чинь!

Монголын боловсрол гунигтай байна. Багш нарын цалин нэн тааруу. Хүүхдүүдийн сурах орчин мөн тийм. Захын дүүргийн сургуулиуд  ээлжээр хичээллэдэг. Сургуулийн хүрэлцээ муу. Нөхцөл байдал ийм байгаа. Улс орны эдийн засаг, чадамжаас хамаарч байгаа.

Гэтэл муу дээрээ муухай, муухай дээрээ улцангийн үлгэрийг эрх мэдэлтнүүд үзүүлэх юм. Боловсролын зээлийн сан гээд байх. Муугүй мөнгөтэй. Энэ сангийн мөнгө мэдээж татвар төлөгчдийн мөнгөөс бүрддэг. Гэтэл энэ сангийн зээлийг Монголын хамгийн нэр нөлөө бүхий хүмүүс, улс төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдэд эдлүүлж иржээ. Ирлээ. Хамгийн үнэтэй цэнтэй, гадаад дотоодын сургуулиудад сураад л. Улсын мөнгө уйлах биш дээ.

Бүгд тэгш эрхтэй нь нийгмийн үнэн. Гэхдээ мэдээлэлд ойр, эрх мэдэлд ойрынхоо буянаар Монголын хэдхэн улс төрч, эрх мэдэлт хүмүүсүүдийн үр хүүхдүүд ийм боломж эдлээд, ардын хүүхдүүд хоцроод байдаг нь гаслантай. Аанай л Нямдорж, Хурц, Энхтүвшиний, Тавинбэхийн хүүхдүүд, цаашаа энэ мэт хүмүүсийн маш олон нэрс үргэлжилнэ. Уг нь хамгийн боломжтой хүмүүс харагдах. Төлөх чадвар нь. Эгэл жирийнчүүдийнхээ өмнүүр орж, хааж байх нь кайф таашаал нь болоод удаж байгаа л даа, иймэрхүү хүмүүсийн.  Нэн шударга бус.

Боловсролын зээлээр сурсан хүүхдүүд сурчихаад, эргэж ирэн улсдаа ажиллан, зээлээ тэглүүлэх учиртай юм билээ. Гэтэл энэ зээлээ төлсөн нь тоотой байна. Ер нь бол, тэгсхийж яваад мартагнуулан алга болгохыг хүсдэг байдал нэн тодорхой ажиглагдаж байна. Шилдэг сэхээтэн М.Саруул-Эрдэнэ халагласан байна лээ. Энэ зээлд хүүхдээ хамруулах, эргэж ирээд шилдэг багш байлгана гэж явсанаа ямар тэнэглэл, ямар гэнэн байгаа вэ гэж. Үнэн шүү дээ, боловсролын зээл дарга нарын үрсэд л зориулагдсан, тэд л “идэх” учиртайгаас хойш, тэр хүн тэгэж халаглахаас яалтай билээ. Тэгж зээлд хамруулахаар явсан хүүхэд одоо Америкт шилдэг багш болоод явж байгаа юм байна. Америк хүүхдүүдийн идеаль багш нь болоод ажиллаж байгаа байна. Та нар нэг шилдэг багшаа алдсан даа гэж М.Саруул-Эрдэнэ хэлсэн байна билээ. Туйлын үнэн.

Өнөөдөр багш нар Монголд цалин бага, иймэрхүү аяс байдлаар цаг нөхцөөж байгаа болохоор Солонгос явахыг эрхэмлэж байна. Амьдрал нь тэгж шаардаж байна шүү дээ. Хэдэн төгрөг олж, амьдралаа залгуулахын тулд. Монголчууд боловсролоо анхаарах цаг хэдэнтээ болоод удаж байна. Дөчин их наядын хулгайчдын мөнгөөр хүүхдүүдээ боловсруулсан бол дөрвөн зуун их наядын хөрөнгө оруулалт болох билээ. Боловсролын сайд уг нь юм хийх гээд л мунгинаад байх шиг.

Чадаж байгаа ч юм уу даа. Улс төрөө хараад л ухнадаад байж мэдэхээр тун харагдаж байгаа. Хоол хийгээд л суугаад байгаа. Боловсролыг улс төрөөс маш ангид авч үзмээр байгаа.  Монголын боловсролын салбарт “Шинэ Монгол”-ын П.Наранбаяр,  Боловсролын ерөнхий газрын Т.Ням-Очир, Турк сургуулийн Б.Ганбат,  сургуулийн өмнөх боловсролыг доторлосон Ц.Алтансороос эхлээд жинхэнэ боловсролыг язгуураас нь ойлгож мэдсэн, хичээлтэй залуус зөндөө л байна.  Ширхэгээс нь эхэлсэн ийм залуусаар дээд эрэмбийн ажлыг хийлгэмээр байгаа юм даа. 

Ерөнхий сайд, Боловсролын сайд Боловсролын зээлийн сангийн асуудлыг  цэгцлэх үүрэг өгч байх шиг байна. Аль эрт цэгцлэх ёстой юм. Эрхтэн дархтнуудын хүүхдүүд явдаг журмыг засаж янзлах нь гарцаагүй. Дурдаад байгаа шиг залуус үүнийг авч хийгээсэй, шинэ, эрүүл стандарт тогтоогоосой.

Манайхныг ийм олхиогүй байгааг мэдээд Америк, Японы чигийн тэтгэлгүүдийг олгогчид  бүр язгуураас нь, чадалтайг нь оруулдаг зохион байгуулалт хийж, үнэн байдлаар ажиллаад эхэлсэн юм билээ л. Монголчууд бид одоо арын хаалга, арчаагүй байдлаараа дэлхийд супержихээ болих хэрэгтэй. Онигоо болж дууслаа.

Их хурлын гишүүд тойрогтоо янз бүрийн ажил хийдэг. Сонгогчдынхоо хүүхдүүдийн боловсролд анхаараа, эрхэм гишүүд ээ. Одонгийн Цогтгэрэл гэхэд, хамгийн сайн багш нарт, хамгийн сайн цалин нөхцөл олгоод Увсад боловсролын гэрэл нэмээд  байгааг ярих л юм байна шүү дээ, энэ багш нар чинь, Увсынхан. Иймэрхүү бай л даа, та минь ээ. 

Боловсролын зээлийг эрх мэдэл, мэдээлэлд ойроороо “шаадагаа” одоо больцгоо. Ямар муухай өлөн юм бэ, язайтал таргалчихсан байж, хүүхдийнхээ боловсролд мөнгө өөрөө гаргаж чаддаггүй, хөгийн нөхөдөө, ичицгээ. Ардын чадалтай хүүхэд аваг тэр зээлийг чинь.

Б.БАЯР

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)