Боомтын сайд та “хилийн албан хаагчидад шүгэл авч өгч үлээлгээд” нүүрсний хулгайтай тэмцчих хэрэгтэй дээ...
Гурван настай хүүгийн хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн хэрэг нийгмийг цочроов. Нийтийг бухимдуулав. Хүүхдийн эрхийг хангах чиглэлд хийж, хэрэгжүүлэх ажил нэжгээд байгааг ч давхар санууллаа. Асуудал байна. Алдаа байна. Алгуурлах эрх бидэнд хором ч үгүй. Бяцхан зүрх бүхнийг амгалан байлгахын төлөөнөө тал талдаа л хичээнгүйлэх цаг нэгэнт ирж. Үгүйсгэгдэшгүй.
Гурван сарын 18-нд залуус тэмцсэн. Тайван жагссан. Хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо илэрхийлсэн. Олон хүн ч нэгдсэн. Дэмжсэн. Дэмнэсэн. Сайшаалтай. Гэхдээ улс төрчид, УИХ-ын гишүүд, төр засгийн зүгээс л харин ямар ч үйлдэл хийгээгүй. Уг нь жинхэнэ дуугарах ёстой хүмүүс нь тэд. Санаачлага гаргах ёстой нь ч тэд. Зүй нь бол “Лантуун дохио”-гийнхны зэргийн ажлыг УИХ-ын гишүүд, тэр тусмаа эмэгтэй гишүүд маань санаачлаад хийж, өрнүүлж байх учиртай юм.
Өнөөгийн парламент түүхэнд байгаагүйгээр олон эмэгтэй гишүүнтэй гэгддэг. Тэд маань л манлайлах учиртай. Энэ мэт явдлууд дээр хүчээ үзүүлэх хэрэгтэй. Гэтэл таг. Цаг ямагт паг. Дүлий дүмбэ. Хааяахан нэг жорлон ярихаас л хэтрэхгүй. Сэтгэлгээний бяд нь тийм. Өчүүхэн.
Х.Булгантуяа, Б.Баярсайхан нарыг л харчих. Шүгэл төсөл хэрэгжүүлж Хүүхдийн эрхийг хамгаалан, хүчирхийллийг үгүй хийх гэнэ. Тэгсэн мөртлөө өөрсдөө шүгэлээ үлээж чадахгүй. Бараг шүгэл ч гэж мэдэхгүй хүмүүс. Сэтгэл нь сайхан юм. Хүүхдийн төлөө гээд дуугарч байгаа нь алга ташим юм. Бусдаар ч гавихгүй ээ. Хоосон пиар. Сонгууль угтсан утгагүй попролынх нь л нэг хэсэг бололтой.
Хүчирхийлэлд өртөх эрсдэлд орсон хүүхэд шүгэл үлээнэ, тэр дуунаар нь томчууд очиж туслах гэнэ. Шүгэлээр бүхнийг шийдэж, эерэг үр дүн гаргах юм байх. Гайхмаар..
Нүдэн дээр нь нүдэлцэж, зодолдож, чихэн дээр нь хэмхэрч, хэмлэлдэж байхад л тоодоггүй, ойшоодоггүй хүмүүс шүү дээ манайхан чинь. Тэгээд ч гэр хороололд хүүхэд хүчирхийлэлд өртөж байхдаа шүгэлээ гаргаад үлээх үү?
Тийн атал шүгэлийн дуу юу болох вэ дээ. Тэгээд л бодчих хэрэгтэй. Шүгэл мэтээр хүчирхийллийн асуудлаас ангижирахгүй. Ядуурал, архидалтыг бууруулах, ажилгүйдлыг арилгах замаар бодлогын түвшний далайцтай арга хэмжээ авч байж л энэ бурангуй саармагжина. Тиймээс гагц тэр чигийн зүйлсийг л Х.Булгантуяа мэт нь эрэлхийлээд, нөхдөө хөдөлгөвөл жинхэнэ гавьяа болох шүү дээ.
УИХ-ын гишүүн, Боомтын сайд хүн шүү дээ. Нэртэйгээр нь хилийн боомтын байцаагч нэг бүрт шүгэл авч өгөөд нүүрсний хулгайтай шүгэлдүүлээд тэмцчих хэрэгтэй дээ.
Д.Сүрэн
sanuulga.mn