Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

“Хүүхдийн төлөө фонд”-ын мөнгөөр хүүг аврахад гэмгүй

“Хүүхдийн төлөө фонд”-ын мөнгөөр хүүг аврахад гэмгүй

Ухаан нь гүйцэд төлжөөгүй гуравхан настай балчир хүүг хойд эцэг нь хүчирхийлж. Эх нь ч хүлцэж. Хүлээн зөвшөөрч. Үрээ эс эвийлж. Хүний хүн шиг л хандаж. Хүн зүрхтнүүдээс ийм аймшигт авир гарам билүү гэмээр л үйл явдал өрнөж. Харамсам. Халаглам.

Хүү ухаангүй байх хэдхэн хоногт бид их зүйлийг ухаарав. Хүүхдийн эрхийг хэрхэн хангах тухай нэхэн эргэцүүлэв. Тэмцэв. Улс нийтээрээ дахин сэрэв. Давалгаалав.

Заяа нь түшиж хүү удаан хугацааны дараа ухаан орлоо. Сайхан мэдээ. Даанч дахин өмнөх шигээ цалгиун баймгүйгээр хүнд гэмтжээ. Турк явуулж эмчлүүлэхээр болж. Төрсөн эцэг, авга ах нь гэх хоёр нөхөр нийтэд хандан мэдээлэл хийж, хандив гуйж зогсоно билээ. Нийт зардал нь 100 гаруй сая төгрөг болж байгаа гэв үү дээ...

Яс яривал тэр бяцхан зүрх үхэл, амьдралтай тэмцэн, тарчилж буй явдалтай эл хоёр хүн ч их багын зэрэг холбоотой. Ялангуяа эцэг нь. Хүүхдэд ямар ч буруу байхгүй. Хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж, амьдралаа зохих ёсоор нь авч явж чадаагүй аав, ээжид нь л хамгийн том гэм бий. Гарцаагүй.

За энэ ч яахав. Дүүрч. Нэгэнт болоод өнгөрч. Одоо дараагийн асуудал л гол болсон. Хүүгийн амь насыг хэрхэн аварч, эрсдлийг “таягдан”, эрүүл саруул болгох вэ?

Хандив бүрдэх л байх. Халуун сэтгэлт ардын хүч сайхан даа. Гэхдээ үүнээс арай өөрийг иргэд ярьж байна. Мэтгэж байна. Хүүхдийн төлөөх фондын мөнгөнөөс хүүд зарцуулъя гээд нэлээн зүйтэй санаа дэвшүүлж байна. Бодох л. Ийм онцгой нөхцөлд бас болох л. Гэвч тэр сайхан фондын мөнгө чухам хаана хадгалагдаад, хэрхэн арвижаад юунд зарцуулагдаж байгаа нь бүрхэг болоод удсан шүү дээ...

Эргэн сануулахад, Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Хүүхдийн төлөө сан” байгуулахаар тогтсон. Санаачлага гаргасан автор дээр нь Соёлын яам нэрлэгддэг. Улмаар “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ыг Соёлын дэд сайд М.Батбаяр, дуулиан, шуугианаас нэр нь салдаггүй “Херо энтертайнмент"-ийн найруулагч Б.Баатар тэргүүтэй нөхөд байгуулсан юм.

Ингээд хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг зохиож, 2.2 тэрбум төгрөгийг босгосон байдаг.  Үүний нэг тэрбумыг нь тухайн үеийн Засгийн газраас “бэлэглэсэн“ бол үлдсэнийг нь ард түмний хандив бүрдүүлжээ. Хүүхдийн төлөө гэх үгээр “бамбайлсан” болохоор Монголчууд ч гар татахыг хүссэнгүй. Сайныг сэтгэж, хормын зуурт л сангийн мөнгийг тэрбум гаруй төгрөгөөр арвижуулаатхав.

Хүүхдийн төлөө фондод цугласан эл мөнгөөр Чингэлтэй дүүргийн V хороонд байрлах 1.1 га газар буюу бидний хэлж заншсанаар Тасганы овоон дээр хүүхдүүдэд зориулсан зургаан давхар номын сан, дөрвөн давхар Хүүхэлдэйн театр барина хэмээн тухайн үеийн ХНХ-ын сайд Д.Ариунзаяа мэдэгдэж байлаа.

Гэвч эл явдлаас хойш даруй гурван жилийн хугацаа өнгөрсөн ч Тасганы овоон дээр Хүүхэлдэйн театр, номын сан алга. Том том “буудаж” байсан сайд нь ч бас алга. Оронд нь харин бурхан багшийн хөшөөний будилаан тарьсан шав л үзэгдэх. Сангийн мөнгө, сайхан амлалтууд чухам  хаачив?

Уг нь бол тоглолтоос цугласан хандивын мөнгө хэл ам, дуулиан шуугиан дагуулж, дуншин байж 2021 оны 10 дугаар сард ХНХЯ-ны дэргэдэх Хүүхдийн төлөө сангынхаа дансанд орсон байдаг. Орох орохдоо бүр анх байснаасаа нэмэгдээд орж. Ард түмний л буян шүү дээ. Үүнийг нь ч Д.Ариунзаяа сайд цахим хуудсаараа дамжуулан баталгаажуулж байсан.

Гэтэл сангийн дансны мөнгөн дүн нэмэгдэхтэй зэрэгцээд сайд дарга нарын санаа ч өөрчлөгдсөн байдаг. Бүтээн байгуулалтын ажлууд нь товлосон хугацаандаа эхлэхгүй болохоор нь хэвлэл мэдээллийн байгууллагынхан эрэл, хайгуулд гарч эхлэв. Д.Ариунзаяа сайд тэргүүтнүүдээс ам асуутал өөдөөс нь харин “ангайлгасан” хариулт өгөөд эхлэх нь тэр.

Холбогдох байгууллагынхны зүгээс “Анхнаасаа л номын сан, Хүүхэлдэйн театр барина гэж төлөвлөөгүй. Урлаг соёлынхон л тийм цуу тараасан хэрэг. Энэ мөнгөөр олон улсын тэмцээн, уралдаанд амжилт гаргасан хүүхдүүдийг шагнаж урамшуулна. Мөн тэмцээн уралдаанд явах зардлыг нь “ивээн тэтгэнэ”. Шаардлагатай бол бүтээн байгуулалтын ажил болоод, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зарцуулна. Сангийн мөнгийг зарцуулах журамд тэгж тусгасан” хэмээн мэдэгдсэн юм.

Ингээд л тэр мөнгө үргүй зарцуулагдах зам руугаа орсон. Асуудал тэгсхийгээд л намжсан. “Аваргууд” ч арга саам хийгээд л намжаасан. Харин одоо гурван настай хүүг эмчлүүлэх зардлыг энэ мөнгөнөөс гаргаад шийдчих хэрэгтэй. Төр засаг.

Ц.Батзаяа хүүгийн эмчилгээний зардлыг Хүүхдийн төлөөх фондын мөнгөнөөс гаргачихад гэмтэй зүйл ер үгүй. Хүүхдийн төлөө л үйл юм чинь. Бараангүй. Барьцах нэгэн ч байхгүй. Шалтгаан нөхцөл нь өөр. Онцгой. Ноцтой. Зайлшгүй.

Тиймээс ганц ч гэсэн зүрхэнд гэрэл гэгээ бэлэглэхээр хаа хаанаа л анхаарчих хэрэгтэй ээ.

Сайд дарга нарыг “боргоё”. Сангийн мөнгийг ч мөшгөе.

Хүүхдийн төлөөх фонд хүүхдэдээ зарцуулагдахыг үзье. Жинхэнэ утгаараа...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)