Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Б.Жавхлан: Ц. Даваасүрэн гишүүн шударга хүний дүр эсгэж байгаа нь үнэхээр харамсалтай

Б.Жавхлан: Ц. Даваасүрэн гишүүн шударга хүний дүр эсгэж байгаа нь үнэхээр харамсалтай

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарын хооронд маргаантай асуудал яригдсаар байгаа.

Тодруулбал, их хэмжээний зээл сангаас авсан, Хөгжлийн Банкийг дампууруулсан гол хүний нэг нь Сангийн сайд гэдгийг Ц.Даваасүрэн гишүүн онцолсон.

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан, Ц.Даваасүрэн гишүүнтэй үүсгэсэн үл ойлголцлынхоо талаар  өнөөдөр /2022.11.03 / олон нийтэд мэдээлэл өглөө.

 УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Би 1996 оноос хойш банк санхүүгийн байгууллагад ажиллаж байна. Энэ салбарт ажилладаг олон ч найз нөхөдтэй. Ц.Даваасүрэн гишүүн намайг тэр болгонтой холбож, ярьдаг.

Энэ яригдаад байгаа асуудлын учир шалтгааныг би сайн мэдэж байгаа. Гэхдээ ярьж болох, болохгүй зүйл гэж байна. Үүнийг бодолцоод үг сөрөлгүй тэвчсээр ирсэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийн сонгуульт ажлын менежер, 2012-2020 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргаар ажиллаж байсан Ц.Гансүх гэдэг залууг 2021 оны аравдугаар сарын 15-нд “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” ТӨҮГ-ын захирлаар томилуулсан. 

Ц.Гансүх ч их идэвхтэй ажиллан, тоног төхөөрөмжийн судалгаа хийж, ТЭЗҮ-нүүдийг нь бэлдүүлсэн.

Гэвч тухайн төслийн ТЭЗҮ сүүлийн жил маш их өөрчлөгдсөн. Анх 10 сая ширхэг арьс, шир боловсруулна гэж байсан. Одоо 4.4 сая болж буурсан. Гэхдээ хөрөнгө оруулалт нь 2-3 дахин нэмэгдсэн байгаа.

Арьс ширний холбооны судалгаагаар Монголд жилдээ 600-650 мянган үхрийн боловсруулагдаагүй шир гардаг. Үүнийг бүгдийг нь тултал боловсруулах чадалтай сүүлийн үеийн тоног төхөөрөмж 13-14 мянган долларын үнэтэй.

Нэг сая богийн арьс боловсруулахад шаардагдах тоног төхөөрөмжийн өртөг 3-4 сая доллар.

Бод, бог нийлсэн 4.4 сая ширхэг арьс, шир боловсруулахад 30 сая долларын л тоног төхөөрөмжийн зардал гарна.

Цэвэрлэх байгууламжийн ажил 50 хувь, цахилгаан, халуун усны шугамын ажил 80-90 хувь, хийгдсэн байгаа. Үүнд 40 тэрбум төгрөг зарцуулагдсаныг бүтээн байгуулагчид нь мэдэгдчихсэн. Гэтэл Дарханы арьс, ширний цогцолбор бүтээн байгуулалтын шинэ ТЭЗҮ дээр энэ дэд бүтцийн асуудлуудыг дахин шинээр байгуулахаар давхар тусгачихсан байгаа. Гол асуудал нь энэ.

Газрыг нь Дарханаас үнэгүй өгсөн. Тэгэхээр бүх зардлыг тооцоод үзвэл Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалтад хамгийн ихдээ 60 сая доллар л зарцуулагдах юм.

Гэтэл одоогийн ТЭЗҮ дээр 159 сая евро буюу 540 тэрбум төгрөгийн төсөв тусгагдсан байна. Улмаар үүний 103 сая еврог нь зээлээр олно, 19 саяыг нь төсвөөс авна, үлдсэн 30 орчим сая еврог Эрдэнэтээс гаргуулна гэх хүсэлт ирүүлсэн.

103 сая евро дээр Засгийн газрын баталгаа гаргаж өгөхийг мөн хүссэн.

Боломжгүй гэдэг хариуг би өнөөдөр өгнө.

Энэ бол Ц.Даваасүрэн бид хоёрын хувийн асуудал биш. Холбогдох хууль журмынх нь дагуу шийднэ.

Байгуулагдаад жил гаруй болсон компанид Монголын ард түмний хөрөнгөөр баталгаажсан Засгийн газрын баталгаа гаргаж өгдөггүй юм.

Захирлаар томилогдсон залууд буруу байхгүй. Улс төр судлаач мэргэжилтэй хүнийг шал өөр мэргэжлийн ажилд томилчихсон юм байна лээ. Нөгөөх нь ч учраа сайн олохгүй ийм байдалтай байгаа.

Гайхуулж яриад байх асуудал биш. Гэхдээ ярихаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргэж байна.

Ц.Даваасүрэн гишүүний цаана ийм эрх ашиг яригдаж байхад шударга хүний дүр эсгэж байгаа нь үнэхээр харамсалтай.

Харин энэ төсөл үргэлжлэх ёстой. Цаашид ийм загвараар явж болохгүй.

Ц.Даваасүрэн гишүүний ярьж байгаа зарим зүйлс үнэн. Өөрөө огт ажилд оролцдоггүй. Дандаа найз, нөхөд ойр тойрны хүмүүсээ ямар нэг албан тушаалд нохойд барьдаг мод шиг “зүүчихээд”, тэднийхээ ард нуугддаг.

Одоо ч энэ төсөлд би оролцоогүй, надад хамаагүй гэж хэлэх байх. Яг оролцоод, гардаад явж байгаа нь яамны хэдэн залуучууд л байгаа. Тэд л буруутан болно.

Өөр ярих олон зүйл бий. Би зөвхөн тодорхой хэсгийг нь л дурдаж байна.

Ийм асуудлууд дээр энэ мэт тайлбар хийх ёстой. Энэ бол миний үүрэг” гэж мэдэгдлээ.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)