Стратегийн команд штабын сургуулийг тавдугаар сард зохион байгуулна
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ОБЕГ, НЗДТГ хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-нд Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэж байна. Үүнтэй холбогдуулан тус сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулах хэд хэдэн шалтгаан бий. Сүүлийн жилүүдэд манай улсын газар хөдлөлтийн тоо, давтамж, хүч нэмэгдэж байна.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улсад 327 мянган удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 1976 удаа тохиолджээ.
Тухайлбал, өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энэ хүчтэй газар хөдлөлтийг дагаад ойролцоогоор 130 мянга орчим удаагийн чичирхийлэл болсон гэсэн судалгаа бий. Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг. Судлаачид долоо дахь хагарлыг судалж байгаа.
Энэ нь бидэнд эрсдэл өндөр байгааг харуулж байна. Сүүлийн арван жилийн байдлаар нийслэлд 12 мянга гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн. Үүнээс 68 удаагийн газар хөдлөлт нь 3.5 магнитудаас дээш хүчтэй байв.
Тиймээс газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх, ард иргэдийн бэлэн байдлыг хангах шаардлага үүсэж байгаа учраас Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Бид болзошгүй аюулаас сэргийлэх, хохирол багатайгаар даван туулах, эрсдэлийг тооцоолох дадал сурсан байх шаардлагатай. Өмнө жилүүдэд ч команд штабын сургалтыг зохион байгуулж байсан. Энэ удаагийн сургалт илүү өргөн хүрээг хамарч, стратегийн, бодлогын чанартай зохион байгуулах учир нийслэлийн бүх төрийн болон төрийн бус байгууллага, иргэд бүрэн хамрагдах шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд есөн Ажлын хэсэг гарч, дүүргүүдэд сургалт, судалгааны ажил эхлүүлээд байгаа.
Нийслэлийн хэмжээнд 2002 оноос өмнө барьсан 1800 орчим барилга бий. Үүний 900 барилгад дүгнэлт хийхэд 300-400 орчим нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь хүчтэй газар хөдлөхөд ямар аюултай нөхцөл үүсэж болзошгүйг илтгэж байгаа юм.
Урьдчилан сэргийлэх бэлтгэл олон хийх тусам газар хөдлөлтийг хохирол багатай даван туулна. Турк, Сири Улсад болсон гамшгаас бид суралцаж, иргэдээ дадлагажуулах, мөн үүрэг хүлээсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнууд мэргэшсэн байх нь чухал” гэсэн юм.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас 2013 онд хийсэн “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээний тайлан”-д Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд дээр 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд барилга, байгууламжийн 30 хувь нурж, 40,000-60,000 хүн өртөх эрсдэлтэй тооцоо гарсан байна.
Sanuulga.mn