Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Ноолуурын дуудлага худалдааг энэ сарын 27-ноос эхлэн зохион байгуулна

Ноолуурын дуудлага худалдааг энэ сарын 27-ноос эхлэн зохион байгуулна

Хөдөө аж ахуйн бирж аймгуудад ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ дагуу ноолуур хамгийн түрүүнд гардаг зүүн бүсийн аймгуудад дуудлага худалдаа хийхэд бэлэн болсон байна. Тодруулбал, Дорнод аймагт гуравдугаар сарын 27, 29, 31-нд, Хэнтий аймагт гуравдугаар сарын 27, 28, 29, 30, 31-нд, Сүхбаатар аймагт дөрөвдүгээр сарын 3, 5, 7-нд зохион байгуулахаар товложээ. Дуудлага худалдааны товыг тогтоохдоо тухайн аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар болон аймгийн Засаг даргын тамгын газруудтай зөвшилцсөн байна.

Нэг аймагт дунжаар тав хоногийн хугацаанд 2-3 удаагийн давтамжтай дуудлага худалдаа зохион байгуулах аж.

Энэхүү дуудлага худалдаа малчид, хоршоод, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч гээд сонирхсон бүх хүнд нээлттэй бөгөөд Хөдөө аж ахуйн биржийн ноолуурын дуудлага худалдааны  журмын дагуу явагдах юм байна. Худалдан авагч этгээд нь дуудлага худалдаанд оролцохдоо арилжаа эхлэхээс өмнө бүртгэл хийлгэн, биржийн клирингийн дансанд нэг сая төгрөгийн дэнчин байршуулж, баталгаажуулалтаа хийх ажээ. Ийнхүү төлбөр тооцооны болон дуудлага худалдааг санаатайгаар амжилтгүй болгох зэрэг эрсдэл үүсэхээс хамгаалж буй юм байна.

Дуудлага худалдаанд оролцох ноолуурын доод хэмжээ 500 кг байх бөгөөд худалдагч этгээд дуудлага худалдаа эхлэхээс нэг цагийн өмнө биржийн агуулахад ноолуураа байршуулсан байх шаардлагатай ажээ.

Нэг айл өрхийн ноолуурын хэмжээ дуудлага худалдаанд оролцох доод хэмжээнд хүрэхгүй бол малчид хоорондоо хоршиж, хамтарч оролцох боломжтой юм байна. Оролцогч талуудын бүртгэлийг гуравдугаар сарын 20-нөөс Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдааны (https://cloud.mce.mn/register.aspx) системээр бүртгэж эхэлжээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)