Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Ж.Сүхбаатар: 87 ширхэг цахилгаан автобусыг есдүгээр сарын 1-н гэхэд шинээр оруулж ирнэ

Ж.Сүхбаатар: 87 ширхэг цахилгаан автобусыг есдүгээр сарын 1-н гэхэд шинээр оруулж ирнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын сайд бөгөөд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын сайд бөгөөд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлуудынхаа явцын талаар мэдээлэл танилцуулсан. Бид түгжрэлийг хоёр арга замаар бууруулахаар зорьж байгаа. Нэгд, төвлөрлийг сааруулах, хоёрт түгжрэл бууруулахад зориулсан зорилтот арга хэмжээ. Ерөнхий сайд Зам тээврийн сайд, хотын дарга болон надад Сэлбэ сэргэлтийн төслийг гаргаж тавьж байгаа. Сэлбэ сэргэлт бол Улаанбаатар хотын аятай тухтай орчин, хот тохижилт, олон гацааг арилгах төсөл гэж үзэж байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Сэлбэ сэргэлтийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжлээ. Энэ төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр явуулах боломжийг судлах үүргийг Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайд, Барилга хот байгуулалтын сайд, хотын даргад үүрэг болголоо. Мөн энэ ажлыг эрчимжүүлэх зорилгоор холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг оролцуулах ажлын хэсэг байгууллаа. Тус төслийг хэрэгжүүлэхэд 300-500 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарсан.

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт сургуулийн автобусыг оролцуулаад 400 гаруй шинэ автобусыг авчирсан. Парк шинэчлэлийн хоёр дахь шатны ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байна. 87 ширхэг цахилгаан автобусыг есдүгээр сарын 1-н гэхэд, 650 ширхэг Евро-5 стандартад нийцсэн эко автобусыг намар гэхэд оруулж ирнэ. Ирэх өвөл нийтийн тээврийн салбарын уналтыг давтагдуулахгүй байхыг Засгийн газарт танилцуулсан.

Улаанбаатарыг хойд урд гэсэн тойрог замын хэлбэрт оруулна. Урд зам буюу Туул голыг дагасан хэсэг дээр Зам, тээвэр хөгжлийн сайд хариуцаж ажиллах бол хойд замыг нийслэлийн Засаг дарга хариуцаж ажиллана. Дүүжин тээврийг Францын талтай тохирсон учраас энэ ажлыг хийж дуусгана. Эхний шугамыг 2024 оны зургадугаар сараас өмнө ашиглалтад оруулна. BRT Сэлбэ сэргэлтийн хүрээнд болон өмнө нь гаргасан ажил дээр тусгайлсан эгнээ бүхий автобусны асуудал байгаа. Энэ хамгийн хурдан хугацаанд хэрэгжих боломжтой төсөл. Санхүүжилт нь шийдэгдчихсэн. УИХ-аар соёрхон батлуулна. BRT-ыг Сэлбэ сэргэлтийн төсөлтэй уялдуулаад Энхтайвны өргөн чөлөө юм уу, Ард Аюушийн өргөн чөлөөний аль нэг дээр явуулах боломжтой.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)