440-ийн зэргийг дөмөгхөн "буудчихнаа" сайдаа...
21 дүгээр зуун бол техник, технологийн зуун. Мэдээллийн зуун. Мэдлэгийн зуун. Өчүүхэн алгуурлахад л хөгжлөөс хоцрох өршөөлгүй хууль үйлчлэх эрин. Гайхам. Сэртхийм. Гарцаагүй бас цаг үеэ огоором. Идэвхийлэм. Суралцам.
Шинэ зууны эхлэл л бидэнд нэг зүйлийг бат ойлгуулаад өгсөн. Мэдлэгтэй, боловсролтой, мэрийлттэй, санаачлагатай нь л энэ зуунд хөлөө олноо гэдгийг. Мэдээжийн хэрэг. Мэдлэг бол хүч. Мэдлэгтэй иргэн өөрөө улсын хөгжлийн түүчээ.
Өнөөдөр дэлхийн томоохон гүрнүүд дан ганц эдийн засгаараа бус иргэнийхээ хөгжлөөр өрсөлддөг болж. Боловсролын тогтолцоондоо дээд зэргээр анхаардаг. Боловсролоос нэт зүйл үгүй гэдгийг ч дээд зэргээр ухамсарладаг. Тийм л мөчлөг ирж. Тийм л эерэг үзэл даяар ертөнцөд дэлгэрч.
Манай улсын тухайд ч олонтой өнгө ижил. Гэхдээ бусад шиг “гялайгаагүй”. Боловсролын цэнийг мэдэрч, боловсролын салбараа өөд нь татах, “өнгөлөх” зам дээр л яваа. Асуудлууд их бий. Арга саам эрэлхийлэх нь, эрэлхийлдэг нь харин хомс.
Чанаргүй тогтолцоо, чанаргүй боловсрол, чанаргүй боловсон хүчин, чанаргүй сургуулиуд, чадалгүй удирдлагууд. Боловсролын салбарыг дампууруулж буй “бохир, заваан “ нь ердөө л энэ. Сайн нь мэдээж бий. Гэхдээ саар нь давамгай хойно сайжрахын үндэсгүй.
Саяхан л гэхэд Бага ангийн багш мэргэжлийн босго оноог 440 болгон буулгалаа. Багшийн хомсдолд орсон тул ийн шийдвэр гаргасан гэнэ. Харамсам.
Яс яривал ЭЕШ-д ийм оноог захын нэг хэнэггүй нөхөр хээгүйхэн “буудаад л” өлхөн авчихна. Мэдлэгийг нь шалгасан голтой шалгуур лав энэ болохгүй. Чадахгүй. Мэдлэггүй нөхдөөр салбар хахахын л цондон гэлтэй.
Бага ангийн багш бол хүүхдэд хамгийн чухал мэдлэгийг олгож, хамгийн чухал замыг зааж, хамгийн чухалд хөтөлдөг гол ролльт хүн билээ. Тиймээс нарийн шалгуураар дүгнэгдэж, нарийн “шахуургаар” бэлтгэгдэх ёстой. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Энэ агуулгын дагуу энхрий үрсд маань эрдмийн эхийг олгогчид нь Бага ангийн багш нар хэмээн сэтгээд эл мэргэжлийнхний чадамжийн асуудалд анхаарал хандуулах нь зохимжтой юм шиг. Зүй нь л энэ.
Захын нэг асуудлыг хөндөхөд л ийм байна. За тэгээд өөр олон ч “бурангуй” энэ салбарт нүүрлээд байна даа. Засагдах засагдахгүй, сайжрах, сайжрахгүй нь одоогоор бүрхэг. Сайдын л мэдэх хэрэг санж. Санаачлага дутаж харагдаа. Сайтар мэрий л дээ Л.Энх-Амгалан мээрэнтээн...
Д.Сүрэн
Sanuulga.mn