Ж.Ганбаатар: Нэг сарын хугацаанд АИ92 тасалдахгүй, үнэ өсөхгүй, дизель түлш ургац хураалтын үеэр хүрэлцэнэ
ОХУ пүрэв гарагийн /2023.09.21/ орой бензин болон дизель түлшний экспортоо Беларусь, Армени, Казахстан, Киргизстанаас бусад улсууд руу түр хугацаанд зогсоосон талаар гадны хэвлэлийн агентлагууд онцлоод буй.
Уг экспортын хоригт Монгол Улс багтсан уу, шатахуун болоод дизель түлшний нөөц хэд хоногт хүрэлцэхээр вэ зэрэг асуудал олны анхаарлыг татаад байгаа юм. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр /2023.09.22/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Нэг сарын хугацаанд АИ92 тасалдахгүй, үнэ өсөхгүй, дизель түлш ургац хураалтын үеэр хүрэлцэнэ гэсэн тойм мэдээлэл өгсөн юм. Улмаар,
"ОХУ дотоодын зах зээлийнхээ үнийг буулгахын тулд экспортын хориг арга хэмжээ авч байгаа. Манай улсын хувьд экспортын хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор бэлтгэл ажлуудаа өмнө нь хангаад байсан. Дизель түлшээ бид 40 хоногоос дээш нөөцтэй болгож бэлтгэсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш 70 мянган тонн АИ92 авч байсан. Хэрэглээ зуны улиралд харьцангуй өндөр байсан ч нөөцөө хангах чиглэлд тасралтгүй ажилласан.
Шатахууны экспортын хоригтой хэдий ч өргөн хэрэглээний АИ92 шатахуун нэг сарын хугацаанд тасалдал үүсэхгүй. Үнийн хувьд нэмэгдэхгүй. Гэхдээ ачилт 7-10 хоногийн саарахад дотоодын нийлүүлэлт саарна. Үүнийг бол би ярилцлага бүр дээрээ хэлж байгаа. Одоогоор нөөцийн савуудын ихэнх дүүрэн байгаа. Ийм нөөц манай улсын түүхэн дээд хэмжээ юм.
Бид "Роснефть" компани руу хандсан байгаа. Манай улсад энэ өдрүүдэд ОХУ-ын Төрийн думын дарга айлчилна. Айлчлалын үеэр шатахуун импортын асуудлыг сөхөн ярихаар бэлтгэж байгаа.
БНХАУ-аас евро 5 ангиллын шатахуун импортлох боломжтой. Одоогоор бид импортолж байна. Ер нь урд хөршөөс авахад нэлээд хүндрэлтэй, зарим саруудад экспортоо бүр зогсоодог. Засгийн газар хоорондын хэлэлцээрээр бид гуйж, шатахууны хуримтлалаа сэлбэж байгаа гэсэн үг" гэв.
Сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Ургац хураалтын үед дизель тасалдах эрсдэл бий юу?
-Дизель түлш 30 хоногоос дээш хүрэлцэхээр байгаа. Дээр хэлсэнчлэн үүнд бид дөрөвдүгээр сараас бэлтгэсэн. Одоогоор 40 орчим хоногийн нөөц бий.
-Өөр улсаас шатахуун авах асуудлаар салбар ямар бодлого баримталж байгаа вэ?
-Хоёр хөршөөс өөр улсаас шатахуун авахад мэдээж нээлттэй. Гол нь тээврийн асуудлаас үүдээд, зарагдах үнэ нэмэгдэх учраас л хоёр хөршдөө хандахаас өөр аргагүй байгаа юм.
Эх сурвалж: Eguur.mn