Прокуророос үерийн далан, суваг таглаж барилга барьсан этгээдүүдэд гурван арга хэмжээ авав
Монгол Улсын Ерөнхий сайдаас “Нийслэл Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах тухай” хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Үүний дагуу үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан юм.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, холбогдох судалгаа, нотлох баримттай танилцан, хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд дүгнэлт хийж, Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд 630 гаруй барилга, байгууламж баригдсан тухай мэдээлэл, 170 барилга, байгууламж болон 61 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах, барилга барих зөвшөөрөл, 3929 иргэн, хуулийн этгээдэд үерийн далангийн хамгаалалтын бүс давхцуулан газар олгосон байдалд дараах арга хэмжээг авч ажиллажээ.
Ингээд ажлын хэсэг дараах гурван арга хэмжээ авсан байна.
-
Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд шинээр олгож барилга, байгууламж барьж нийтийн ашиг сонирхол хөндөгдөх, хохирол учруулахаас урьдчилсан сэргийлэх үүднээс барилга байгууламж бариагүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар прокурорын нэхэмжлэл гарган шүүхэд шилжүүлэв.
-
Хууль тогтоомж зөрчин үерийн далангийн хамгаалалтын бүс давхцуулан газар олгосон шийдвэрт зохих арга хэмжээ авхуулах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.
-
Үерийн далангийн хамгаалалтын бүсэд олгосон газарт барилга байгууламж барьсан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.