Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Туул, Сэлбэ, Улиастай, Дунд голын уснаас гэдэсний өвчин үүсгэгч савханцар илэрчээ

Туул, Сэлбэ, Улиастай, Дунд голын уснаас гэдэсний өвчин үүсгэгч савханцар илэрчээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллалаа.

Ажлын хэсгийн хүрээнд 07 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори (БОХЗТЛ)-ийн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж голын уснаас 18, үерт автсан газруудын халиа, тогтоол уснаас 21, Төв цэвэрлэх байгууламжийн оролт, гаралтын хэсгээс 2 нийт 41 сорьцыг “Усны хяналтын төв лаборатори”-д хүргүүлэн усны физик, химийн шинжилгээг 8, бичил амь судлалын шинжилгээг 6 үзүүлэлтээр хийв.

Шинжилгээний дүнгээр эдгээр уст цэгүүдийн ус бохирдлын индексээр үнэлбэл Туул голын ус IV зэрэг буюу “Бохирдолттой” ангилалд багтаж байсан бол Сэлбэ, Улиастай, Дунд голууд нь V зэрэг буюу “Бохир” ангилалд багтаж байна.

Түүнчлэн бичил амь судлалын үзүүлэлтээр шинжилгээнд хамрагдсан голуудын 22.2%-д гэдэсний бүлгийн савханцар, 16.6%-д халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар, 38.8%-д E coli, 16.6%- эмгэг төрөгч бичил биетэн, 6.25%-д Сульфат задлагч агааргүйтэн тус тус илэрсэн.

Тогтоол усны тухайд шинжилгээнд хамрагдсан бараг бүхий л цэгүүдэд нянгийн бохирдол илэрсэн бөгөөд хувиар илэрхийлбэл 66.6%-д Гэдэсний бүлгийн савханцар /Coliforms organism/, 42.8%-д халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/, 66.6%-д E coli, 47.6%-д Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/, 7.7%-д Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) илэрсэн байна.

Харин Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-аас цэвэрлэгдсэн бохир ус Туул голд нийлж байгаа хэсгээс буюу ТЦБ-ын гаралтын усны сорьцыг стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулж үзэхэд жинлэгдэх бодисын агууламжаар стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.9 дахин, нийт азотын агууламжаар 1.7 дахин, эрдэс фосфорын агууламжаар 1.4 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламжаар 9.9 дахин тус тус хэтэрсэн агууламжтай байгаа бол ТЦБ-ын цэвэрлэгээний түвшин тухайн сорьц авсан цаг үед 65-68%-тай цэвэрлэж байна.

Шим бохирдлыг тодорхойлогч азотот нэгдлүүд, жинлэгдэх бодисын агууламж зарим цэгүүдэд өссөн нь айлуудын хог хаягдал, бохирын цооног, нүхэн жорлон болон хөрсний бохирдол үерийн усаар угаагдан голруу орсонтой холбоотой байж болно гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)