Алтанширээгийн нефтийн үйлдвэрийг хууль хяналтын байгууллага шалгахаар болсон гэв үү?
Өчигдөр /2023.06.29/ Төрийн ордны баруун хаалганы гадаа Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй нефтийн үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтанд оролцсон барилгын туслан гүйцэтгэгч компанийн ажилчид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нарт хүргүүлсэн шаардлагын хариугаа авахаар жагссан. Тус компаниудын хувьд нефтийн үйлдвэрийн дэргэд 6 блок орон сууцны барилгын ажил эхлүүлэн 70 хувь хүртэл барьсан ч хоёр жилийн хугацаанд гүйцэтгэлийн мөнгөө аваагүй аж.
Тэдний тавьсан шаардлагын хариуг өгөхөөр Төрийн ордноос ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж гарч ирж, тус компанийн удирдлагуудтай уулзах үеэрээ “Та бүхний тавьсан шаардлагатай бүрэн танилцсан, асуудлыг хянан шалгах Ажлын хэсгийг байгуулан миний бие ахлан ажиллахаар болсон. Нефтийн үйлдвэртэй холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг нягтлан шалгах болно” хэмээсэн үг бидний анхаарал татлаа.
Энэтхэгийн Засгийн газрын газраас манай улсад нефтийн үйлдвэр барихад зориулан олгосон 1.2 тэрбум ам долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгө юунд зарцуулагдав, хэрхэн үр ашигтай зарцуулагдав гэдгийг шалгах цаг болсон гэдгийг олон нийт ч бас харж байгаа.
Саяхан 6 сарын 7-нд өдөр Төрийн ордонд болсон УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны сонсгол хуралдаан дээр тус нефтийн үйлдвэрийн ажил зогсонги байдалд орсон, авсан мөнгө нь зарцуулагдаад дууссан, ахиж 460 сая долларын нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгаа тухай тус үйлдвэрийн захирал Д.Алтанцэцэг мэдэгдсэн.
Гэсэн атал өнөөдөр хүртэл тус үйлдвэрт ажиллах гадна дотнын инженер техникийн ажиллчдын орон сууцны санхүүжилтийг Барилга хөгжлийн төв тэргүүтэй мэргэжлийн байгууллагын магадлан тогтоосон хэмжээнд олгоогүй, ажил нь зогсчихсон байх аж.
Уг нь эдгээр орон сууцны барилгууд баригдаж ашиглалтанд орж гэмээнэ үйлдвэрт ажиллах инженер техникийн ажилчид ажлын байрныхаа дэргэд байрлан, тэр хэрээр үйлдвэрийн ажлын бүтээмж нь нэмэгдэж юм.
УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар 7 сарын 6-9-ны өдрүүдэд Энэтхэгийн парламентын доод танхимын дарга Ом Бирла манай улсад албан айлчлал хийхээр болсон. Энэ үед бид 5 жилийн өмнө эхлүүлсэн ч, одоо хэдэн сендвчин барилгаас өөр зүйлгүй шахам байгаа хоосон нефтийн үйлдвэрээ үзүүлэх үү?
Мөн дээр нь 2025 оноос Энэтхэг улсад эргэн төлж эхлэх зээлээ нэмэгдүүлье гэж хүсэх үү? Ямар утгаар газрын тосны үйлдвэрийг гацаанаас гаргах айлчлал гэж өдөр тутмын сонинд бичсэн юм бол?
Анх 2018 онд шав тавихад 2022 онд ашиглалтанд орно гэж төлөвлөж байсан нефтийн үйлдвэрийн ажил хойшилсоор, зардал өртөг нь ч нэмэгдсээр, одоо хэдэн онд ашиглалтанд оруулахыг хэн ч хэлж мэдэхгүй хэмжээнд хүрчихээд байна.
Тиймээс Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барихаар төлөвлөж, ажлыг нь эхлүүлсэн ч өнөөдөр зогсонги байдалд орчихоод байгаа Газрын тосны үйлдвэрт АТГ, ЭЦГ, Татварын Ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллагын шалгалтыг оруулах хэрэгтэй. Учир нь хожим монголчууд бид л эргүүлэн төлөх 1.2 тэрбум ам долларын зээлийн мөнгө үндсэн зорилгоо биелүүлэхгүйгээр сайд дарга нарын гараар дамжаад үрэгдэх ёсгүй.
Тиймээс ч ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж “Нефтийн үйлдвэртэй холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг нягтлан шалгах болно” хэмээсэн биз.
Эс бөгөөд хэдэн жилийн дараа Хөгжлийн банкны хэрэг шиг, нүүрсний хулгайн асуудал шиг Нефтийн үйлдвэрийн хөрөнгө санхүү, зээлийн зарцуулалтын асуудлаар нийтийн сонсгол явуулах хэрэг гарч мэдэхээр болжээ.
А.Галт
Sanuulga.mn