Зориг нь хүрвэл арга нь олдоно!
“Бидний стратеги бол нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэнэ. Үүнийг амлаж байна. УИХ, Засгийн газрын гишүүд үүний төлөө ажиллана. Нөөцөө арвижуулаад явна. Тухайлбал, 2028 онд гадаад валютын 10 тэрбум ам.долларын нөөц үлдээнэ. Дээр нь алтны нөөцтэй болно. Үүний тулд төр гэхээсээ илүүтэй хувийн хэвшлийг дайчилна. Хувийн хэвшилтэй нягт хамтарч ажиллана. Садаа, гай болдог, дээрэлхэж дарамталдаг хандлагыг бүрмөсөн хална. Засгийн газраас үзэл бодол, намын гишүүнчлэлээс болж ялгаварлан гадуурхдаг байдлыг хална. Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа гишгэдэг байдлыг халж байж улс орныхоо төлөө нэгдэнэ.” Энэ бол Хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Л.Гантөмөрийн ард түмэндээ өгсөн амлалт.
Ердөө 30 жилийн өмнө нэг гараанаас “уралдсан” Казакстаны нэг иргэнд ДНБ-ий хэмжээгээрээ бүс нутагтаа тэргүүлж байна. Астана хотын нэг иргэнд ногдох ДНБ гэхэл 45.4 мянган ам.доллар аж. Тус улс 2026 он гэхэд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг 25.5 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Харин Монголын нэг иргэнд ногдох ДНБ-ий хэмжээ 2021 онд 4484 ам.доллар байсан бол энэ оны эцэст 6107 ам.доллар, 2025 онд 7516 ам.доллар болж өсөхөөр байгаа аж. Гадаадын хөрөнгө оруулагчдаа “хөөгөөд” гаргачихсан Монголын хувьд чамлахаар чанга атгах тоо. Гэхдээ эдийн засаг үүнээс илүү томрох боломж байсан нь үнэн, “эх орончид” нь хулгайлж, нурааж, луйвардсан бүр үнэн.
2021 онд Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилогдох үед Монголын ДНБ-ий нэрлэсэн дүн 43.5 их наяд төгрөг байсан бол 2025 оны төсөөллөөр 95 их наяд төгрөгт хүрч, хоёр дахин өснө гэсэн төсөөлөлтэй байгаа аж. Мөн Монголын гадаад худалдааны эргэлт, экспорт, импорт ирэх онд хоёр дахин нэмэгдэх гэнэ. 2025 оны төсөвт анх удаа гадаад зээл, тусламж, улсын төсөв нийлээд 6.9 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр суулгажээ. Үүнээс 2.9 их наяд төгрөг буюу 42 хувь нь зам, тээвэр, эрчим хүч, шугам сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулагдах аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнесийн төлөөллийнхөнтэй уулзах үеэрээ бүсчилсэн хөгжлийг “хөдөлгөх”, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого, зорилгоо танилцуулсан.
Үнэндээ үе, үеийн Засгийн газар болгон гараан дээрээ эдийн засгийн талаарх бал бурам шиг зорилтуудаа танилцуулдаг. Харин барианд очих үед нь амалсан, төлөвлөснөөс нь ажил хэрэг болсон нь тун цөөхөн байдаг. Хамгийн том жишээ нь гэвэл Тавдугаар болон Тавантолгойн цахилгаан станц, төмөр замын төслүүд, Газрын тосны үйлдвэр, Шинэ цэвэрлэх байгууламж, Сайншандын аж үйлдвэр зэрэг төслүүдийг дурдаж болно.
Хамтарсан засаг ирэх онд дэд бүтцийн томоохон 38 төслийг санхүүжүүлэхээр 2025 оны улсын төсөвт суулгасан агаад үүнд олон жил гацсан, улстөржсөн томоохон бүтээн байгуулалтууд багтах аж. Тэрчлэн төрийн оролцоог хумьж, хувийн хэвшлийг дэмжихээ улс төрийн намуудын дарга нар амлаж буй юм.
Гэвч, энэ нь цоо шинэ амлалт биш. Төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжинэ гэх улстөрчид амлалтаа биелүүлдэгсэн бол Монголд авлига, хулгай нүүрлэхгүй байсан нь мэдээж. Атал том компаниуд нь хүртэл төсвөөс тендер чавчаад зогсохгүй өвчүү, ууц чанах хүртлээ “өлөн, ховдог” болсон нь өнөөдрийн дүр зураг юм.
Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, Хөшигийн хөндийн туннел, Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станц, Эгийн голын 310 мВт-ын усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон төслийн санжүүжилтийг үе шаттай шийдвэрлэнэ гэсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэвзээ мөрөөдлийн жагсаалт болчихгүй аваас дөрвөн жилийн дараа Монголын эдийн засаг шинээр сэргэж, монголчуудын ашиг орлого нэмэгдэх эерэг тооцоолол бий. Эцэст хэлэхэд гэрээгээ юу гэж нэрлэх нь гол биш гэрээ яаж хөгжүүлэх нь иргэдэд чухал. Зориг нь хүрвэл арга нь олдоно гэдэг дэмий үг биш. Тэр тусмаа эрчим хүчний салбарт реформ хийх эсэх нь эрх баригчдын эр зоригоос шалтгаална.
Б.БАТ