Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

ХОТ РУУ ЧИГЛЭСЭН ТЭДНИЙ ХОРШИЛ ЭХЛЭХ НЬ

ХОТ РУУ ЧИГЛЭСЭН ТЭДНИЙ ХОРШИЛ ЭХЛЭХ НЬ

Х.Нямбаатарыг хот руу, Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсон Л.Оюун-Эрдэнийн улс төрийн нүүдлийн учиг одоо л тайлагдаж эхэллээ. Угаас гэнэтийн шийдвэр гаргадаг, түүндээ тууштай зогсдог нь энэ Ерөнхий сайдын гэм биш зан болохоор хот, хуулийн салбарын “толгой”-г хоршуулан сэлгэх эл шийдвэрийг сөрөх нэгэн гараагүй. Өөрөө ч хэлсэн, “Дунд шатны авлигыг цэгцлэх, тэр дундаа Монгол Улсын иргэдийн 50 гаруй хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын өнгөрсөн 30 жил явж ирсэн бугширсан системийг задлахаас өөр гарцгүй” гэдгийг.

Тэр нь ч ёсоор болж нийслэлийн газар олголт, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулж, “Нээлттэй сонсгол” зохион байгуулах үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт Засгийн газраас даалгав. Хуулийн процедур талаасаа Сонсгол зохион байгуулах эрх нь парламентад бий. Нийт гишүүний дөрөвний нэг нь буюу 19 хүн санал гаргавал УИХ-ын дарга захирамж гаргаж, Түр хороог байгуулдаг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 20 сайдтай, үүний 14 нь УИХ-ын гишүүн буюу “давхар дээл”-тэй. Ерөнхий сайдыг нэмж тооцвол 15 нь парламентад давхар харьяалагддаг гэсэн үг. Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг нь үнэн л юм бол тэд бүгдээрээ Сонсгол зохион байгуулах саналд 15-уулаа гарын үсэг зурж таарна.

Үлдсэн дөрвөн гишүүнийг УИХ дотроос “олох” нь Ерөнхий сайд, МАН-ын даргад алга урвуулах төдий амархан. Үндсэндээ Хуулийн сайдад үүрэг болгосон “Нээлттэй сонсгол” зохион байгуулах эсэх нь цаг хугацааны л асуудал юм. Гагцхүү хаврын ээлжит чуулганаар уу? эсвэл түүнээс өмнө үү? гэдэг нь өнөөдөртөө асуултын тэмдэг. Санаж байгаа бол Хөгжлийн банкны хоёр дахь шатны Сонсголыг 2023 оны хоёрдугаар сарын 6-8-ны хооронд Төрийн ордонд зохион байгуулж асан түүхтэй. Үүгээр УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд нийслэлийн газар олголт, нийтийн тээвэрт хамаарах асуудлаар “Нээлттэй сонсгол” зохион байгуулах эрх нь парламентад нээлттэй, УИХ-ын дарга захирамж гаргаж, Түр хороо байгуулах тогтоолыг албажуулахад болох зүйл.

Гэхдээ нэг асуулт бий нь газрын наймаа, нийтийн тээврээр дамжсан нийслэлийн 20 жилийн авлигын эх үүсвэрийг “Нээлттэй сонсгол”-оор нэг бүрчлэн тайлагнаж, тэгэхдээ нотлох баримтын хүрээнд ил болгохын араас хэр хэмжээний сөрөг довтолгоо энэ Засгийн газар руу чиглэх бол гэдэг нь улс төр, нийгмийн хүрээнд сонирхолтой байх нь. Ганц үнэн гэвэл Л.Оюун-Эрдэнэ яагаад Х.Нямбаатарыг хот руу явуулж, Б.Энхбаярыг Засагт авчирсны учиг энэхүү үйл явцаас харагдах учиртай. Хөгжлийн банк, нүүрсний сонсголын ард гарсан, тэр хэрээрээ улс төр, бизнесийн төлөөллийн “амны уншлага” болж, муугаар хэлэхэд “хараал”, ерөөлийг хамтад нь дааж яваагийн хувьд Хуулийн сайд Б.Энхбаярт туршлага нь бий юу гэвэл мэдээж бий.
 
Улс төрд, ялангуяа УИХ-ын гишүүнээр анх сонгогдсон цагаасаа үнэт зүйл, үзэл баримтлалаараа Л.Оюун-Эрдэнэтэй нэгдэж, нягтран дөрөө харшуулж, бүр нэг танхимд багтаж, хуулийн бодлогыг нь зангидаж явсан Х.Нямбаатар ч гэнэт “Хангарди” ордон руу буйр сэлгэсэн нь том шалтгаантай.

Ерөөс Засгийн газрын зарим бодлого, шийдвэр дунд шатандаа, нийслэлийн засаг захиргааны түвшинд замхарч, хүчгүйдэж байсныг засч сайжруулах үндсэн үүрэгтэй. Хажуугаар нь хэний үед, хаана, хэдий хэмжээний газрыг хэрхэн олгож ирсэн талаарх хамгийн том мэдээллийн “их уурхай” дотор суугаа хүн нь Х.Нямбаатар. Нийслэлийн Засаг даргын хувиар шүү дээ! Өөрөөр хэлбэл, хотын асуудал бидэнд хамаагүй гэсэн хандлагаар улс төрийн галаас тойрч, бултаж ирсэн үе үеийн УИХ, Засгийн газрын, үндсэндээ 30 жилийн алдааны эх ундарга руу Ерөнхий сайд Хуулийн сайд Б.Энхбаяр, хотын дарга Х.Нямбаатар нарын хамтаар орохоо ийн мэдэгдлээ. Нэгдүгээрт, түүнд газар, нийтийн тээврээр Сонсгол зохион байгуулахад Засгийн газар талаасаа Хуулийн сайд нь, нийслэл талаасаа хотын дарга нь хангалттай тулах цэг, түших багана нь болж таарна.

Ерөнхий сайддаа үзүүлэх дэмжлэг нь ч жин дарах нь ойлгомжтой. Хөгжлийн банк, нүүрсний хулгай тойрсон асуудлаас ялгаатай нь тэд М.Энхболдоос эхлээд Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, С.Батболд, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан, Д.Сумъяабазар тэргүүтэй нийслэл Улаанбаатарын 23 жилд багтах газар олголт, нийтийн тээвэрт хамаарах асуудлыг “Нээлттэй сонсгол”-оор дамжуулж дэнслэх нь. Э.Бат-Үүлийг эс тооцвол бүхэлдээ МАН-ын угшилтай үе үеийн хотын мэйрүүд, тэдгээрийн багт ажиллаж байсан албан тушаалтнууд гэрчээр оролцож, тайлбараа өгөх нь маргаангүй том асуудал уу? гэвэл тийм. 2000-2018 оныг хүртэл 18 жилийн турш МАН-ын зовлон, жаргалын менежер явсан ч хил давcнаасаа хойш таван жилийн дараа эх орондоо албадан авчруулж, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүгдэх болсон "Шувуу" Т.Бадамжунай ч уг Сонсголын хамгийн том, тод дүр байх нь мэдээж. Богд уулынхаа бэлээр жуулчны отог нэрийн дор багтаж, шингэх зайгүй болтол нь чигжсэн газар олгож ирсэн ирсэн үе үеийн Байгаль орчны сайд нар ч бас хамаарна.
 
Нийтийн тээвэрт монополь эрхтэй гуравхан компанийн чөтгөрийн тойрог нь эцэстээ авлигын хамгийн бодит бас том кэйс болох “Ногоон автобус”-ны хэргийг “эх барьсан” түүх ч үүгээр сөхөгдөж таарна. Нийслэлийн нийт иргэдийн нүдэнд өдөр тутам ил явдаг, яваа нэгдсэн эмнэлгийнхээ нүүрийг хааж барьсан эмнэлгийн захирлуудын хувийн эмнэлэг, сургуулийн талбайг хэсэгчлэн зарж, барилга, орон сууц бариулсан үе үеийн дүүргийн Засаг дарга нарын үйлдэл ч мөн багтана. Нийтийн эзэмшлийнх байтугай Төрийн байгууллагын газрыг тасдаж аваад хувийн хорооллоо босгож, жишим ч үгүй өөрсдөө амьдарч буй албан тушаалтнууд өнөөдөр ч өндөр сэнтийд тухлан суугаа шалтгаанаа тайлбарлана.


Нийт газар нутгийнхаа 0.3 хувийг эзэлдэг, тэгэхдээ хүн амын талаас дээш нь оршин суудаг улсын нийслэл нь яагаад “дарьтай торх” шиг эрсдэлтэй нөхцөлд амьдрах болсны учиг тайлагдаж, утасны үзүүр хөвөрнө. Ерөөс энэ бүгдийн эх үүсвэр нь авлига гэдгийг энэ удаад илчлэх нь Сонсголын оргил цаг байх учиртай. Наанаа зөрчилдөж, хэмлэлддэг атлаа цаагуураа нам харгалзахгүй, хүний өөрийнгүй хэсэгчилж, тасдсаар өнөөгийн “бетонон ширэнгэ” болтол нь стандартгүй, эмх цэгцгүй болгосны буруутан, хариуцлага үүрэх ёстой хүмүүсийн үнэн төрхийг “Нээлттэй сонсгол”-оор нийтийн өмнө илчлэх нь. Хот руу чиглэсэн тэдний хоршил эхлэх нь гэж тодотгосны гол шалтгаан энэ. Тийм ч байх нь зүй ёсны үүрэг нь юм!
 

Эх сурвалж: uzeg.info

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)