Монгол нь Монголоо өчүүхэн ч атугай хайрладаг байя...
Бид өөрсдийгөө халуун дулаан сэтгэлтэй, тусч, энэрэнгүй ард түмэн хэмээн тодорхойлдог, тодотгодог. Тийн нэрээр түүхийн хуудаснаа мөнхөрсөн нь ч дийлэнх. Гадныхан ч ам сайтай л байдаг. Гэхдээ гаднаас харахад л тийм. Дотроос нь дүгнэвэл өнөөд арай л өөр дүр зураг ноёлоод байх шиг. Он цаг улиран, өнгөө хувиргахын хэрээр бидний аяг ч бас өөрчлөгдсөн юм даг уу даа. Өнөөгийн Монголчууд нэг л тийм амиа хичээсэн, муйхар зантай болчихож. Бүгдийг нь хамруулаагүй ч олонхи нь л тийм.”Би л болж байвал бусад нь яах вэ” гэсэн аминчхан үзэлд хүлэгдчихсэн. Тэр хүлээснээсээ мултарч чадахгүй, хөгжиж ч дөнгөхгүй “тийчигнэцгээж” байна.
Монгол нь Монголоо дэмнэх эртний сайхан ёсон бий. Тийн жаягийг алдалгүй явсны шимээр л өнөөд бид голомттойгоо байгаа гээд хэлэхэд хилс болохгүй. Гэтэл одоо юу болж байна вэ? Элэг нэгтнүүд нэгнээ энэрэх бус харин ч Монгол нь Монголоо “намнаж”, хоорондоо “алалцаж” байна.
Монгол нь Монголоо луйвардана. Монгол нь Монголынхоо зовлонгоор даажин хийж, үнэмлэхүй хөлжинө. Гадаад гаргаж өгнө, мөнгийг нь өсгөж өгнө, сайхан байртай болгоно, сайхан газартай болгоно гээд “мурина”. Монгол нь Монголоо хөнөөнө. Эх нутагтаа ч элдэвлэнэ. Харьд ч элдэвлэнэ. Бүр Солонгост амьдарч буй Монголчууд нэг нэгнээ л барьж өгөөд байдаг гэх. Шалтгаан нь шалихгүй. Шальдар, булдар атаа, жөтөөнөөс л болдог гэнэ. Хөгтэй, харамсалтай.
Одоо больё оо Монголчуудаа. Нэгэндээ жаахан элэгтэй байцгаая. Бид л нэгнээ хайрлахгүй юм бол хэн ч биднийг гэхгүй. Ард түмэн нь амь нэгтэй улс л хөгждөг. Олон ч жишээ нотолно доо. Адаглаад Япон, Солонгосыг л харчих. Арай л өөр дөө.
Дотроо бие биенээ хэмлэхээс цаашлахгүй бол сайхан ирээдүйг хэзээ бүтээх вэ? Харин ч бүр л гундана. “Өтнө, бутарна”. Тиймээс өөр сэтгэхүй, өөр ухамсрыг дэлхээе. Монгол нь Монголынхоо төлөө цохлох зүрхтэй байя...
Д.Сүрэн
Sanuulga.mn